Геодези, зураг зүйн салбар байнгын үзэсгэлэнг нээв

Монголын мэдээ | Боловсрол
sodonizm@gmail.com
2020-09-10 14:42:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Геодези, зураг зүйн салбар байнгын үзэсгэлэнгээ Засгийн газрын 12 дугаар байранд нээв.


Энэ жил Геодези, зураг зүйн салбарын 90 жил, мөн геодези, зураг зүйн төрийн захиргааны байгууллагын 50 жилийн ой тохиож байгаа юм.


Түүхт ойгоо тохиолдлуулан салбарын үүсэл хөгжлийн түүхэнд холбогдох архивын баримтыг олон нийтэд сурталчлах зорилгоор тус үзэсгэлэнг нээгээд байна.


Үзэсгэлэнд  Манжийн 17 дугаар зуунаас хойших үеийн газрын зургийн цэс, 1961-1990 онд Орос, Монгол мэргэжилтнүүдийн хамтран судалсан хөрс, ургамлын судалгааны зураг,  салбарын ахмад ажилтан,  хөрс судлаач, улсын газар зохион байгуулалтын хайгуул-зураг төслийн институтийн мэргэжилтний хэрэглэж байсан багаж хэрэгсэл зэргийг тавьсан байна.


Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн архивт буй баримтууд нь Монгол Улсын болон аймаг, хошуудын хил хязгаар газар зүйн уламжлалт нэршлийг сэргээх, тогтоох, энэ талаар судалгаа шинжилгээний ажил хийхэд чухал хэрэглэгдэхүүн болдог байна.  Мөн энэхүү ховор баримтуудыг анх удаа нийтэд дэлгэж байгаа аж.



 

Холбоотой мэдээ