Хилс хэрэгт хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-09-10 16:22:13

Завхан /МОНЦАМЭ/. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тус аймгийн ИТХ-аас хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Тус аймгийн хэмжээнд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийн үр хүүхдүүд хэмээн бүртгэгдсэн 21 иргэн бий. Үүнээс энэ онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговрыг 14 иргэнд нийт  681,0 сая төгрөгийг олгожээ. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанаас дээрх иргэдийн материалын бүрдлийг хангаж Монгол Улсад цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст уламжилснаар энэхүү нөхөх олговор олгогдсон байна. Өнөөдрийн байдлаар дөрвөн иргэний материал дээд шатны байгууллагад хүргэгдсэн байгаа. Завхан аймагт энэ өдөр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж Төгс буянт жавхлант хийдийн лам хуврагууд Найдан чого хурах тул сүсэгтэн олныг даган баясахыг уриалж байна. Мөн Улиастай сумын хэмжээнд авто замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар 11.00-11.20 цагийн хооронд тээврийн хэрэгслийн гэрлийг асааж улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх үйл ажиллагааг явууллаа гэж аймгийн ИТХ-аас мэдээлэв. Ташрамд манай улсад УИХ-ын 1996 оны 33 дугаар тогтоолоор хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн 9 дүгээр сарын 10-нд тэмдэглэн, 1937 оноос эхтэй, улс төрийн болон сэхээтнүүдийн хэлмэгдэлд өртсөн олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх өдөр болсон юм. Харин 1998 онд УИХ-аас улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг баталжээ. Энэ хуулийн хүрээнд хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдэд нөхөх олговрыг хуулийн дагуу олгож байгаа аж. 

Холбоотой мэдээ