Барилга, хот байгуулалтын сайд арьс ширний цогцолборын үйл ажиллагаатай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-09-11 14:32:37

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо нараар ахлуулсан ажлын баг Дархан-Уул аймгийн Дархан суманд ажиллалаа.  

Ажлын баг Дархан-Арьс ширний цогцолборын бүтээн байгуулалтын ажилтай газар нь очиж танилцсан юм. Энэхүү арьс ширний цогцолбор нь Хонгор сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт 180 га газар талбайд хамран хийж буй төсөл юм. Арьс ширний цогцолбор ашиглалтад орсноор төвийн бүсийн бүхий л арьс ширний үйлдвэрүүдийн үйл ажиллагааг нэг цэгт төвлөрүүлэх юм. Өнөөдрийн байдлаар тус төслийн барилгын ажил 40 гаруй хувьтай байгааг гүйцэтгэгчид болон холбогдох албаны төлөөлөл Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарт мэдэгдсэн.

Монгол Улсад жилд дунджаар 18-20 сая ширхэг арьс, шир зах зээлд нийлүүлэх нөөцтэй. Түүхий эдийн арвин нөөц боломжтой ч бэлтгэх тогтолцоо, тогтвортой нийлүүлэлт, борлуулалтын суваггүйн улмаас малын гаралтай түүхий эдийн үнэ цэн, бэлтгэн нийлүүлэлт, нэмүү өртөг шингээсэн экспортын хэмжээ хангалтгүй байгаа юм. Энэ асуудлыг шийдвэрлэхээр "Дархан арьс ширний цогцолбор" ХХК 2015 оноос туршилт, судалгааг эхлүүлэн "Дархан арьс ширний цогцолбор"-ыг барих төслийн ажлыг 2018 оноос хэрэгжүүлэн ХХААХҮЯ-тай хамтран ажиллаж байна.
Төслийн хүрээнд жилд 10 сая ширхэг арьс шир боловсруулах 13 үйлдвэр, 10 мянган тонн ноос боловсруулах, ноос, ноолуур угаах самнах хүчин чадал бүхий үйлдвэрүүдийн бүтээн байгуулалт, түүний цэвэрлэх байгууламж, дэд бүтцийн барилга байгууламжууд барих юм. Тухайлбал,
• Бог малын арьс шир боловсруулах үйлдвэр, агуулахын хамт - 9 үйлдвэр
• Бод малын арьс шир боловсруулах үйлдвэр, агуулахын хамт - 4 үйлдвэр
• Ноос, ноолуур угаах, самнах үйлдвэр - 2 үйлдвэр
• Эсгийний үйлдвэр - 2
• Желатин уургийн үйлдвэр -1
• Судалгаа хөгжил, инновацын төв
• Үйлдвэрийн зориулалттай цэвэрлэх байгууламж
• Цахилгаан дамжуулах дэд станц зэргийг барихаар төлөвлөжээ.
Нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх арьс ширний цогцолбор байгуулснаар 2300 шууд ажлын байр, шууд бусаар 7500 орчим иргэн байнгын ажлын байртай болох боломжтой.

 

 

Холбоотой мэдээ