Хямралын үед төсвөө зөв зохистой батлахыг сануулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-09-11 17:17:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төсвийн хөрөнгийг хуваарилахдаа улс орны дунд болон урт хугацааны хөгжлийн хөтөлбөртэй уялдуулж, тусгах шаардлагатайг эдийн засагчид хэлж байна. Энэ талаар МҮХАҮТ-д өнгөрсөн 7 хоногт болсон "Эдийн засгийн хүндрэлийг улсын төсвийн оновчтой төлөвлөлт, удирдлагаар даван туулах нь" хэлэлцүүлэг дээр саналаа хэлж байв. 

Ирэх сард эхлэх УИХ-ын намрын чуулганы эхэнд ирэх оны төсвийн тухай хуулийг хэлэлцэнэ. Ингэхдээ төсвийн хөрөнгө оруулалтыг үр ашиг, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллөөр нь зөв зохистой, эрэмбэлэн тусгах шаардлагатайг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми хэлсэн. 

Төсөв  гэдэг Монгол Улсын ирээдүйн хөгжил, хөгжлийн бодлого, төлөвлөгөөтэй нягт уялдаа холбоотой явах учиртай хэмээн үзэж буйгаа илэрхийлж байв. 

Манай улсын хувьд энэ онд төсөв алдагдалтай, экспорт буурсан, дэлхий нийтэд тархаад буй "COVID-19" цар тахлын хямралын нөхцөл байдалд байгаа. Иймд орж ирэх орлогоо зөв эрэмбэлэн, эдийн засгийн үр өгөөжийг харж хөрөнгө оруулах шаардлагатай байгааг хэлж байв. 

Ингэхгүй бол 2020 оны төсвийг харахад олон суманд соёлын төв барихаар төлөвлөсөн нь эргээд харахад урсгал зардлаа ч дааж чадахгүй, ажлын байр бий болгохгүй байгаа тул хөрөнгийн эх үүсвэрээ бага, багаар оновчтой зарцуулах шаардлагатайг сануулж байна. 


Манай улс энэ оны төсвийг батлахдаа 2 их наяд төгрөгийн алдагдалтай баталсан. "COVID-19"-ийн цар тахлын нөлөөтэй холбоотойгоор авч хэрэгжүүлж буй ажлын хүрээнд төсвийн тодотголоор алдагдлын хэмжээ 4.8 их наяд төгрөг болсон. Харин ирэх оны төвсийн төслийг боловсруулахдаа төсвийн алдагдлаа хумих шаардлагатайг эдийн засагчид анхааруулж байна. Тухайлбал, эдийн засагч Н.Энхбаяр, төсвийн өндөр алдагдал нь өөрөө улсын өрийг нэмэгдүүлж байгаа нэг шалтгаан болохыг онцлов. 

"Эдийн засгийн хүндрэлийг улсын төсвийн оновчтой төлөвлөлт, удирдлагаар даван туулах нь" хэлэлцүүлгээс гарсан саналыг нэгтгэн Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлээд байна.


Холбоотой мэдээ