Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хэнтий аймгийн иргэдтэй уулзлаа

Монголын мэдээ | Улс төр
oyundelger@montsame.gov.mn
2020-09-12 11:02:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга орон нутгийн иргэдтэй хийх уулзалтаа Хэнтий аймгаас эхлүүллээ.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уламжлал ёсоор Монгол орноо тойрч, ард иргэдийнхээ үгийг сонсохоор ирснээ дуулгаж, нас, насны иргэдийн төлөөллийг тайз руу урьснаар уулзалт эхлэв.

Хэнтий аймгийн Хурх тосгоны иргэн Ж.Энххуяг “Надад хоёр санал байна. Нэгдүгээрт, коронавирусний улмаас эдийн засаг хүндэрч, айл өрхийн амьдрал хэцүүхэн боллоо. Малчид малынхаа хүчинд өлсөж цангахгүй байгаа ч алсдаа Монгол Улсад хор хөнөөлтэй болж эхэллээ. Айл өрхийн амьдралд тун удахгүй гараа дүрж эхэлнэ. Үүнээс сэргийлэхийн тулд айл өрх, хувь хүний орлогыг нэмэгдүүлэх олон төрлийн ажил хиймээр байна. Ингэхийн тулд төр засгийн хяналт, шалгалтыг хэмжээ хязгаартай болгохгүй бол айл өрхүүд жижиг үйлдвэрлэл явуулахад хүндрэлтэй болсон. Хувийн хэвшлийн жижиг байгууллагыг янз бүрээр дарамталж байна. Үүнд Та анхаарлаа хандуулж, тэр олон хориг, саадыг нь багасгах, зөөллөхөд анхаарч өгөөч. Хоёрдугаарт, мал аж ахуйн түүхий эдийн бүтээгдэхүүн, махнаас бусад нь үнэгүйдлээ. Үүнд бодлогын яамд нь тодорхой арга хэмжээ авч байгаа байх. Гэхдээ яаралтай арга хэмжээ авч, арьс ширний үнэ өсгөхөд анхаарахгүй бол малаас зарагддаг ганц зүйл нь мах боллоо. Түүхий эд, цувдайг зуун хувь хаяж байна. Уул нь энэ бол Монголын баялаг байх ёстой. Энэ тал дээр арга хэмжээ авч өгнө үү” гэв.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын иргэн А.Ариунжаргал, “Суманд тулгамдсан асуудлыг ярьмаар байна. Манай сум 2013 онд Монгол Улсын отгон сум болж байгуулагдсанаас хойш хилийн цэсийн талаар хөндсөнгүй. Хилийн цэсгүй, газар нутаггүй сум бий болсон. Манайх Дархан сумаа бодвол арай хөгжингүй, дэд бүтэц хөгжсөн учир хүмүүс хүүхдүүдээ Бор-Өндөрт сургуульд өгөх сонирхолтой. Манайх сум дундын эмнэлэг, шүүх, прокурортой. Малчин өрхүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд манай сумын хилийн цэсийг тогтоож өгөх боломж бий юу. Орон нутгаас уламжлах байх, та энэ асуудалд дэмжлэг үзүүлж өгөөч”,

Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн, оюутан Х.Эрхэмбаяр “Монгол Улсад боловсролын систем тулгамдсан асуудал боллоо. Хүүхдүүд юу ч сурахгүй байна. Монголчууд ийм арчаагүйгээ сонгууль зэрэг зүйлд буруугаа чихдэг. Хувь хүний, сонгуулийн боловсролгүйдээ ийм ядуу байгаа. Боловсролтой байж, зөв хүнээ сонгооч гэж хэлмээр байна”,

Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн Д.Баярбилэг:Бидний хувьд эрх чөлөө юунаас ч үнэтэй. Өнөөдрийн улс, нийгмийн байдлыг ялангуяа эрх баригчдын хэлж, хийж байгаагаас харахад бидний хувь хүний болоод улс төр, нийгэм, эдийн засгийн эрх чөлөөнд халдсан үйлдэл их гарч байна. Эрх чөлөө бол Монгол Улсын иргэн бүрийн хэрэгцээ учраас Та Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувиар үүнд анхаарлаа хандуулж өгнө үү” гэх мэтээр иргэд санал бодлоо илэрхийлэв.



Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цаг үеийн асуудлаар иргэдэд мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариулсан юм. Тэрбээр, 2018 оны нэгдүгээр сараас 5 дугаар сарын хооронд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн нийт 22 мянга гаруй иргэнтэй биечлэн уулзаж, иргэдийн санал бодол, хүсэлтийг сонсож, санал солилцон, тодорхой асуултуудад хариулт өгсөн. Аймаг, нийслэлийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр 3,165 иргэн санал, хүсэлтээ илэрхийлснээс 1360 иргэн биечлэн буюу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтын үеэр санал, хүсэлтээ хэлснийг  Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагаанд тусган, тодорхой ажлыг хийж хэрэгжүүлсэн билээ.

Холбоотой мэдээ