БНХАУ-ын компани автомат жолоодлоготой ачааны машин танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
zayaa3233@gmail.com
2020-09-14 16:07:28

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын ачааны машин үйлдвэрлэгч, төрийн өмчит "First Automotive Works Jiefang" компани автомат жолоодлоготой, хүнд даацын "J7" машинаа танилцуулжээ.


Тус компанийн мэдээлж буйгаар, Калифорнид төвтэй, хиймэл оюун ухаан чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж буй "PlusAI" компанитай хамтран хөгжүүлсэн "L3" хувилбарын автомат жолоодлоготой ачааны машины загвар дээр суурилан "L4" хувилбарыг бүтээхээр болжээ. Шинэ загварын уг ачааны машин 2023 онд арилжааны чиглэлээр хэрэглээнд нэвтрэх төлөвтэй байна.


"L3" хувилбарын автомат жолоодлого нь зөвхөн хүрднээс гараа авах эсвэл бага хурдтай, харахгүйгээр явж байх үед идэвхиждэг байсан бол "L4" загвар нь хүний оролцоо, хяналт шаардлагагүй өндөр түвшний автомат системтэй байх ажээ.


Шинээр танилцуулсан "J7" загвар нь долоон камер, 5 мм-ийн хяналтын мэдрэгч, лазерийн эхолокатор болон автомат жолоодлоготой бөгөөд автоматаар гүйцэж түрүүлэх, эгнээ солих, эгнээ голлох, жигд хурдаар явах, замын эвдрэлийг хянах, саадыг тойрч гарах гэх мэт үйлдэл гүйцэтгэх чадвартай аж.


Энэхүү ачааны машины үйлдвэрлэлийг өргөн цар хүрээтэй явуулах бөгөөд бодит хэрэглээнд тулгуурлан хямд зардлаар их мэдээлэл цуглуулж, "L4" хувилбарын хөгжүүлэлтийг улам сайжруулна гэж тус компани төлөвлөсөн байна.


Дээр дурдсан хоёр компани хамтран ажилласнаар "ухаалаг ачааны машин"-ы хөгжлийг хурдасгаж, БНХАУ-ын ухаалаг автомашин, тээврийн хэрэгслийн аж үйлдвэрийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна гэж "FAW Jiefang" компанийн захирал Ху Ханьжиэ хэллээ.

Холбоотой мэдээ