Нийт нутгийн 50 хувьд өвөл, хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-09-16 09:56:31

Төв /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2019-2020 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж, харьцуулж энэ оныхыг гаргажээ. 

Зуншлагын байдал наймдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд хэвийн сайн, 35 орчим хувьд дунд зэрэг, 15 хувьд муу гэсэн үнэлгээтэй байна. Харин бэлчээрийн даацыг аймгийн нийт нутгаар тооцоолж гаргасан дүнгээс үзвэл  29 хувьд нь бэлчээрийн нөөцтэй, 21 хувьд нь  бэлчээрийн хүрэлцээтэй, 25 хувьд даац 1-3 дахин хэтэрсэн, 11 хувьд нь даац 3-5 дахин хэтэрсэн, 14 хувь нь даац олон дахин хэтэрчээ.

Өөрөөр хэлбэл нийт нутгийн 50 хувьд нь өвөл, хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй байхаар байгаа бол 50 хувьд хэтэрсэн, 14 хувьд даац олон дахин хэтэрч гарсан гэж аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ. Бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрч гарсан Өндөрширээт, Эрдэнэсант, Бүрэн, Дэлгэрхаан, Аргалант, Баянхангай сум байгаа бөгөөд нийт нутгийн 25 хувьд нь бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрч гарсан Баян-Өнжүүл, Баянжаргалан, Баянцагаан, Лүн, Заамар, Борнуур, Баяндэлгэр, Архуст, Батсүмбэр сум хамрагдаж байгаа аж.

Мөн энэ зун нутгийн өмнөд хагаст бороо хур багатай зуншлага муу байсан бол долдугаар сарын сүүлч үеэс зарим газраар зуншлага дээрдсэн. Тиймээс өвөл, хаврын бэлчээрийн даац ихээхэн хэтэрч гарсан сумдад өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малын тоог бууруулж эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг арга хэмжээ авч мал өвөлжилт, хаваржилтын ажлаа эртнээс зохион байгуулах бэлтгэлээ хангаж ажиллахыг анхаарах нь зүйтэй байна гэж байгааг албаныхан онцолж байв. 

Холбоотой мэдээ