“Байгаль хамгаалах нүүдэлчин хайрцаг” хүлээлгэн өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-09-16 16:39:50

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Боловсрол соёл урлагийн газарт “Байгаль хамгаалах нүүдэлчин хайрцаг” хүлээлгэн  өгөв.

Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Ш.Энхтүвшин өнөөдөр Ховд аймагт ажиллах үеэрээ Боловсрол соёл урлагийн газрын удирдах ажилтан, холбогдох мэргэжилтнүүдтэй уулзлаа. Энэ үеэр тэрбээр “Байгаль хамгаалах нүүдэлчин хайрцаг” гардуулан өгсөн юм. 

Тус хайрцагт хичээлийн төлөвлөгөө, гарын авлага, үлгэрийн ном, эвлүүлдэг тоглоом, чихмэл амьтан, амьтны өмсгөл, амьтны мөр, баас зэрэг бага насны хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх танин мэдэхүйн хэрэглэгдэхүүн багтжээ. 

Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар нь орон нутгийн иргэдийг байгаль хамгаалах үйлсэд идэвхтэй оролцуулах, хүүхэд багачуудад байгаль орчин, ан амьтдыг хайрлан хамгаалах сэтгэлгээ төлөвшүүлэх, тэднийг хөгжүүлэх зорилгоор “Байгаль хамгаалах нүүдэлчин хайрцаг” хичээлийн хөтөлбөр хэрэгжүүлдэг.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд сургуулийн өмнөх насныханд зориулж зэрлэг амьтны амьдрах орчныг хамгаалах талаар мэдлэг олгоход чиглэсэн 9 хичээлийн агуулга бүхий хэрэглэгдэхүүн боловсруулжээ.

Ховд аймгийн тухайд энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын 44 байгууллагад нийт 7000 гаруй хүүхэд сурч хүмүүжиж байна. Эдгээр хүүхэд багачууд “Байгаль хамгаалах нүүдэлчин хайрцаг” хичээлийн хөтөлбөрийн дагуу хөгжилтэй байдлаар байгаль орчны мэдлэг эзэмших, тэд өөрсдөө биечлэн оролцох, амьтдын чихмэл тоглоом, мөр, баасыг гараараа барьж мэдрэх боломж бүрдлээ гэж салбарынхан онцлов.

“Байгаль хамгаалах нүүдэлчин хайрцаг” хичээлийн хөтөлбөрийг үр дүнтэй  хэрэгжүүлэхийн тулд цаашид цэцэрлэгийн багш, арга зүйч нарыг цахим сургалтад хамруулж,  шинэ мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхээр төлөвлөсөн байна.

Мөн Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газраас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан “Байгаль хамгаалах нүүдэлчин хайрцаг” хичээлийн хөтөлбөр боловсруулж, сургуулиудад олгох юм.   

Холбоотой мэдээ