Ван И Монголд айлчлах үеэрээ харилцан бие биеэ хүндэтгэхийг уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-09-17 16:30:07

БЭЭЖИН. /SCMP/. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И хөрш Монгол Улстай харилцаагаа бэхжүүлэхээр тус улсын нийслэл Улаанбаатар хотноо айлчиллаа. Энэ үйл явдалтай зэрэгцэн Өвөр Монголын өөртөө засах оронд монгол хэл сурахад шахалт үзүүлж байна хэмээн Бээжинг буруутгасан жагсаал Улаанбаатарт өрнөжээ.


Улаанбаатар хотын төв талбайд мягмар гарагт 100 гаруй жагсагч цугласны дунд олон хүн үндэсний хувцсаа өмссөн байсан бөгөөд тэд “Ван И яв” гэх мэтээр хашхирч, монгол хэлийг хамгаалахыг уриалсан байна.


“Манай хоёр улс бүрэн эрхүүдээ харилцан хүндэтгэж, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, бие биеийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоос зайлсхийх хэрэгтэй” гэж Ван И Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай уулзах үеэрээ хэлснийг БНХАУ-ын Гадаад хэргийн яам уламжилжээ.


Талууд Бээжингийн “Бүс ба Зам” санаачилгын төслүүдийг урагшлуулах, коронавирусний цар тахал дэгдсэн энэ үед хамтран ажиллах, Монголын нүүрс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг өргөжүүлэх талаар мөн хэлэлцсэн байна.


Монголын Гадаад харилцааны яамны мэдэгдэлд дотоод хэргийг харилцан хүндэтгэх тухай дурдаагүй байсан боловч хоёр талын худалдааг нэмэгдүүлэхээс гадна ОХУ-тай гурван талын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хэлэлцсэн гэж тэмдэглэсэн байжээ.


Хятадын хойд нутгийн 4.2 сая гаруй оршин суугчтай Өвөр Монголд сургуулийн гурван хичээлийг хятад хэлээр орох тухай шинэ хөтөлбөртэй холбоотой жагсаал өрнөсний дараа Ван Игийн айлчлал болсон юм.


Өвөр Монголд бодлогын өөрчлөлтийг эсэргүүцэн олон арван мянган хүн жагсжээ. Тэд уг шийдвэрийг монгол хэл, соёлыг үгүй хийхийн тулд гаргасан гэж үзэж байгаа бол Бээжингийн хувьд үндэстний цөөнх болох өвөр монголчуудад ажил эрхлэхэд нь туслах, нийгмийн дийлэнх болох хан үндэстэнтэй нэгтгэхэд ач холбогдлоо өгөх шийдвэр юм хэмээн зөвтгөсөн байна.


БНХАУ-д цар тахал дэгдсэнээс хойш айлчилсан гадаадын орны анхны төрийн тэргүүн болж, 30 мянган хонь хандивлах санал тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Ван И бараалхжээ.


Гэвч Өвөр Монголд жагсаал өрнөж, хатуу арга хэмжээг авч буй нь Монголын иргэдийн дургүйцлийг хүргэжээ. Тэдний дунд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж байгаа юм.


Ц.Элбэгдорж нийгмийн сүлжээний хуудсаараа дамжуулан Өвөр Монголтой холбоотой Бээжингийн шийдвэрүүдийг “соёлын геноцид” хэмээн шүүмжлээд, хэл, соёлоо хадгалан авч үлдэхийг эрмэлзэж буй Хятад дахь монголчуудыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.


“Эх хэлээ сурч, ашиглах нь хүний салшгүй эрх юм. Энэхүү эрхийг эдлүүлснээр Хятад нь хүндтэй, хариуцлагатай орон болно” гэж Ц.Элбэгдорж энэ сарын эхээр “Twitter” хуудсандаа нийтэлжээ.


БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй Монголын “Өдрийн сонин”-д ярилцлага өгөх үеэрээ Ц.Элбэгдоржийн хэлсэн үгийг шүүмжлээд, Өвөр Монгол дахь нөхцөл байдлын талаарх буруу ташаа мэдээлэл нь хоёр улсын харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж хэлсэн байна.


Мөн Цай Вэньруй Хятадын нүүрсний эрэлт буурч буйг онцлон дурджээ. Монголын эдийн засаг, ялангуяа нүүрсний экспорт сүүлийн жилүүдэд Хятадаас ихээхэн хамааралтай болсон бөгөөд коронавирусний тархалтын улмаас нүүрсний экспорт хоёр сарын турш тасалдсан юм.


Ц.Элбэгдорж мягмар гарагт твиттерээр жиргэхдээ, Цай Вэньруй Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын талаарх Монголын үзэл баримтлалыг хувьдаа дүгнэхдээ “хүүхэд шиг алдаа” гаргаж байна хэмээн шүүмжилжээ. Мөн тэрбээр Монгол, Хятад хоёр Өвөр Монголын бүрэн эрхийн талаар хэзээ ч хэлэлцэж байгаагүй хэмээгээд, Тайванийг чиглэсэн Бээжингийн бодлогыг Монгол Улс урт хугацааны турш хүндэтгэсээр ирсэн гэж бичжээ.


Дээрх асуудалтай холбогдуулан Монгол Улсад суугаа БНХАУ-ын Элчин сайд болон Ц.Элбэгдорж нараас нэмэлт мэдээлэл өгөхийг хүсэхэд аль аль нь хариулт өгөөгүй байна. 

Холбоотой мэдээ