Европын холбооны төлөөлөгчид Завхан аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-09-17 16:57:51

Завхан /МОНЦАМЭ/. Тус аймагт Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй танилцах, цаашдын хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх, санал солилцохоор Европын холбооны төлөөлөгчид ажиллалаа.

Энэ үеэр аймгийн Засаг дарга болон хөтөлбөрийг хэрэгжүүлэгч ТББ-уудын төлөөлөл, бизнесийн бүлгүүдтэй уулзаж санал солилцох уулзалт боллоо. Уулзалтын үеэр боловсролын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж мэргэжлийн боловсролыг дэмжих, хүний хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах. Монгол Улсад Европын холбооноос энэ чиглэлээр олгох 50 сая еврогийн буцалтгүй тусламжаас тодорхой хувийг Завхан аймагт хэрэгжүүлэх. Ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах. Европын сэргээн босголтын банкаар дамжуулан Завхан аймгийн үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох. Бүх нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэл, дэд бүтцийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах. Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр хэрэгжих Улиастай-Алтай чиглэлийн 194 км хатуу хучилттай авто зам барилгын ажлын санхүүжилтийг шийдвэрлэх. Сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, улаан хальст саримс экспортлох чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.

Мөн орон нутгийн Иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжих замаар дээрх чиглэлийн хамтын ажиллагаагаа хэрэгжүүлэхээр тохиролцлоо. Уулзалтад Монгол Улс, Европын холбооны хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Европын Холбооны Монгол дахь төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Пьер-Ив Люкас тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

 

Төслийн үр шимийг 7800 гаруй хүн хүртээд байна

"Дэлхийн Зөн Монгол" ОУБ, “Завхан аймгийн эдийн засгийн тогтвортой хөгжил, өсөлтөд иргэний нийгмийн байгууллагуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь” төслийг Завхан аймгийн ЗДТГ, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Завхан аймаг дахь салбар зөвлөл, бусад иргэний нийгмийн байгууллагууд хамтран ДЗОУБ-ын Франц улс дахь салбараар дамжуулан амжилттай хэрэгжүүлж байна.

Тус төсөл нь Европын холбооны 2,3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Монгол Улсад, тэр дундаа орон нутагт анх удаа дөрвөн жилийн хугацаатай хэрэгжүүлж байгаа билээ. Уг төсөл хоёр дахь жилдээ тус аймгийн зорилтот 12 суманд хэрэгжиж орон нутгийн Иргэний нийгмийн 20 байгууллага, эмзэг бүлгийн хүүхэд, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг хамарсан туслалцаа дэмжлэг шаардлагатай 150 өрх хамрагдаж байна.

Мөн 60 үйлдвэрлэгч, эмзэг өрхийн 100 залуус, хамгийн багадаа 20,000 хүн буюу нийт хүн амын 40 орчим хувь төслийн үр шимийг хүртэх юм. Өнөөдрийн байдлаар төслийн үр шимийг 7800 гаруй хүн хүртээд байна. Иргэний нийгмийн байгууллагууд болон төрийн байгууллагууд хамтран орон нутгийн бичил бизнес, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх, иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг орон нутгийн болон үндэсний зах зээлд гаргах зорилт тавиад байна. Энэ нь “ХЭРЭГЛЭГЧ АЙМГААС ҮЙЛДВЭРЛЭГЧ АЙМАГ”-т шилжих зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа Завхан аймагт томоохон хөрөнгө оруулалт болж байгаа гэж төслийг хэрэгжүүлэгч аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


Иргэдийн дуу хоолой ба түүний үр нөлөө аргачлалыг анх удаа эдийн засгийн салбарт хэрэгжүүлж байна

“Завхан аймгийн эдийн засгийн тогтвортой хөгжил, өсөлтөд иргэний нийгмийн байгууллагуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь” төсөл хэрэгжсэнээр өрхийн орлого төрөлжиж үр дүн бий болсоор байна.

Завхан аймгийн эдийн засгийн өсөлт хөгжилтөд тодорхой хувь нэмэр оруулж, өрх бүрийн орлого нэмэгдсэн тогтвортой эдийн засгийн өсөлтийг бий болгоно гэж үзэж эхлүүлсэн төслийн үр шимийг 70 гаруй өрх хүртээд байна.

Харин Иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулах зорилгын хүрээнд аймгийн иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээг бий болгоод байгаа. Энэхүү сүлжээний зохицуулах зөвлөлийг  долоон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй  хамтран байгуулсан. Тус төрийн бус байгууллагууд жил бүр ээлжлэн зөвлөлөө удирдан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийт 13 удаагийн сургалтаар 20 гаруй Иргэний нийгмийн байгууллагын 400 гаруй хүнийг чадавхжуулжээ. Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид хувь хүний хөгжил, манлайлал, санхүүгийн менежмент, байгууллагын алсын хараа, стратеги хэрхэн боловсруулах, төсөл хэрхэн бичих зэрэг сургалтад хамрагдаж чамлахааргүй үр дүн гарч байна.

Төслийн хүрээнд зохион байгуулж буй мэргэжил олгох болон хөгжүүлэх сургалтууд нь залуучууд, эмэгтэйчүүдэд орлогоо нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхээс гадна нийгэмд эзлэх байр сууриа дээшлүүлэхэд нь тусалж байна.

Мөн "Иргэдийн дуу хоолой ба түүний үр нөлөө" аргачлалыг анх удаа эдийн засгийн салбарт хэрэгжүүлж байгаагаараа энэ төсөл онцлогтой юм. Уг аргачлал нь хүүхэд, тэдний гэр бүлийн өдөр тутмын амьдралд хамгийн их нөлөө үзүүлдэг эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгаалал гэх мэт нийгмийн суурь үйлчилгээг сайжруулахад орон нутаг болон төр захиргааны байгууллага хоорондоо харилцан ярилцах замаар нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх ач холбогдолтой олон улсад туршигдсан нөлөөллийн аргачлал юм. Өмнө нь бид эрүүл мэнд, боловсрол зэрэг тогтсон стандарттай салбарт тус аргачлалыг хэрэгжүүлж байсан туршлагатай бол энэ удаад төслийн хүрээнд "эдийн засаг" гэсэн стандарт тогтоох боломжгүй том салбарт хэрэгжүүлж эхлээд байна гэж "Дэлхийн Зөн Монгол" ОУБ-ын Завхан салбараас мэдээлэв. 

Холбоотой мэдээ