“Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн хүрээнд 1 тэрбум 736.1 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-09-18 13:03:43

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн хүрээнд Говь-Алтай аймагт 2017 онд 177.1 сая, 2018 онд 238.6 сая, 2019 онд 678.7 сая, 2020 онд 641.7 сая, нийт 1 тэрбум 736.1 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн тухай ЗДТГ-аас танилцууллаа.


НҮБ-ын Хүүхдийн сан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамтарсан баг тус аймагт ажиллаж байна. Уг хамтарсан баг “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцан зөвлөмж өгөх, холбогдох албаны мэргэжилтнүүдэд хүүхдийн хөгжил, хамгаалал, эрүүл мэнд, хүнс, хоол тэжээлийн чиглэлээр сургалт зохион байгуулж арга зүйгээр хангах, багш нарыг ажлын байранд чадавхжуулах, эцэг эх, олон нийтэд хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга, үүрэг хариуцлагын талаар зөвлөгөө, мэдээлэл хүргэхээр энэ сарын 17,18-ны өдрүүдэд тус аймагт ажиллаж байгаа юм.

Тэд есдүгээр сарын 17-нд төслийн танилцуулга, сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах, төслийн цаашдын үйл ажиллагаанд санал авах зорилгоор аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл, “Хүүхдэд-Ээлтэй орон нутаг хөтөлбөр”-ийн хэрэгжүүлэх баг, төсөл хэрэгжүүлэх ажлын хэсгийн өргөтгөсөн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт оролцогч талууд өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд, Нэгдсэн эмнэлгийг түшиглэн байгуулсан “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг өөрчлөн зохион байгуулах, сургуулийн эмч нарыг тогтмол сургалтад хамруулж, хамтран ажиллуулах, сумдад бага оврын цэвэрлэх байгууламж байгуулах, боловсролын салбарын эрсдэлийн үнэлгээгээр өрх толгойлсон эцэг эх, айлд амьдардаг 480 гаруй хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй орчинг бүрдүүлэх сэдвийн хүрээнд санал бодлоо солилцов.

Түүнчлэн үе тэнгийн хүүхдүүд нэгэндээ сэтгэлзүй болон бие махбодын дарамт үүсгэхээс урьдчилан сэргийлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суурь болон бүрэн дунд боловсролд хамрагдах орчныг бүрдүүлэх, хүүхдүүд зам тээврийн осол гэмтэлд өртөх хандлага гарч байгаа тул замын тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагчийг байршуулахад анхаарч ажиллах, хүүхдийн мөнгө өөрт нь зарцуулагдаж буй эсэхэд хяналт тавих зэрэг олон асуудлыг хөндөж дүгнэлт гаргасан аж.

Холбоотой мэдээ