Номын баяраар 612 нэр төрлийн 70000 гаруй номыг худалдаанд гаргажээ

Фото
gereltod@montsame.mn
2020-09-21 14:34:51

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын ивээл дор “Номын баяр-2020” үйл ажиллагааг аймгийн соёлын байгууллагууд хамтран энэ сарын 19-ний өдөр Биеийн тамир спортын газарт зохион байгууллаа. Номын баярт 2000 гаруй иргэн оролцсон бөгөөд “Аз хур” ХХК-аас 72 хувь хүртэлх хямдралтай номын худалдаагаар үйлчиллээ.

“Аз хур” ХХК-аас 612 нэр төрлийн 70000 гаруй номыг хоёр өдөр номын худалдаанд гаргасан ба иргэд дунджаар 25000-150000 төгрөгөөр ном худалдан авсан байна.

Номын баярын үеэр “Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэг”-ээр Цэнхэр, Ихтамир сум болон сургууль бүрийн шилдэг уншигч 12 хүүхдийг шагнаж, урамшуулсан юм. Мөн Монголын соёл урлагийн ажилтны баярын өдрийг тохиолдуулан салбартаа тэргүүлэн ажиллаж буй зургаан хүнийг “Аймгийн хүндэт тэмдэг”-ээр, аймгийн “Засаг даргын жуух” бичгээр 8, БСУГ-ын шагналаар 2 хүнийг тус тус шагнасан юм.

Энэхүү үйл ажиллагаа нь орон нутагт ном унших хөдөлгөөн өрнүүлэх, хүүхэд залуучуудын ном унших хүсэл сонирхлыг хөхиүлэн дэмжих, УОК-ын шийдвэрээр онц байдал зарласан үед номын сангийн үйлчилгээг цахимаар хүргэх, бүх нийтийн уншлагыг дэмжих, байгаль орчноо хайрлан хамгаалах өв уламжлалыг сэргээх, сурталчлан таниулах, эх оронч үзэл санааг төлөвшүүлэх зорилготой юм.

Номын баярын өдрөөр Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Соёлын цаг” нөлөөллийн аяны нээлтийг хийлээ. Энэхүү нөлөөллийн аян нь иргэдэд соёл, урлагийн үйлчилгээг ойртуулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой орон даяар эхлүүлсэн юм.

“Соёлын цаг” аяныг 3-р сургууль, Спорт сургууль, 8, 11-р цэцэрлэг, Хотонт сум, Ихтамир, Батцэнгэл суманд 11 дүгээр сарын 11-нийг дуустал хуваарийн дагуу зохион байгуулахаар төлөвлөжээ.