Анхан шатны шүүхийн шүүгч жилд 195 хэрэг шүүж байна

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-09-21 17:42:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын багийн  ахлагч  Б.Энхбаяр, ажлын багийн гишүүн Ж.Сүхбаатар, Н.Алтанхуяг, Ш.Раднаасэд нар өнөөдөр /2020.09.21/ Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаа, тулгамдаж байгаа асуудал, Шүүхийн багц хуулийн талаар санал солилцлоо.


Эхлээд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхим, шүүгчдийн ажиллах орчин нөхцөл, цахим систем хэрхэн ажилладаг зэрэг асуудлаар мэдээлэл сонсож, нөхцөл байдалтай танилцлаа. Тус шүүхийн байр нь стандарт бус, шүүх хурал явуулахад тохиромжгүй, 1 шүүгчид ногдох хэргийн ачаалал их зэрэг асуудал байгааг Тамгын газрын дарга П.Одхүү хэллээ. Шүүхийн эдийн засгийн баталгаа хангагдаагүй байгаа нь шүүхийн бусад үйл ажиллагаанд нөлөөлж байна.



Үүний дараа УИХ-ын гишүүд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүдтэй уулзаж саналыг нь сонслоо. Монгол Улсын хэмжээнд нийт 117 шүүхэд 523 шүүгч ажиллаж байна. Жил ирэх тусам төсөв, хөрөнгө оруулалт багассан статистик байгаа ч шийдвэрлэж байгаа хэргийн тоо өссөн байна. Нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал анхан шатны шүүхийн хувьд 125 байсан бол 2019 онд 195 болж нэмэгдсэн байна. Шүүгчийн орон тоог үе шаттайгаар тогтмол нэмэх шаардлагатай ч төсөв хүрэлцэхгүй шалтгаанаар хөрөнгө оруулалт хийхгүй байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр танилцуулгадаа дурдлаа. Тухайлбал, Архангай аймаг дахь шүүх Аймгийн ЗДТГ-ын зүүн жигүүрт, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүх ОХУ-ын эзэмшлийн байрыг түрээсэлдэг, Завхан аймгийн шүүх цэцэрлэгийн зориулалттай барилгад байрлаж байна.

Холбоотой мэдээ