Өвлийн хүлэмжийн аж ахуй эрхлэх хоршоог сонгон шалгаруулна

Орон нутагт | Дундговь
Otgontuya@montsame.mn
2016-05-19 21:12:36

Мандалговь хотод барьж байгаа өвлийн хүлэмжийн аж ахуйг тогтвортой эрхлэн хөгжүүлэх хоршоог сонгон шалгаруулахаар ажлын хэсэг байгуулагдсан. Сонгон шалгаруулалтыг өнгөрөгч сарын 29-ны өдрөөс эхлэн зарласан бөгөөд төслийг тавдугаар сарын 16-ныг хүртэл хүлээн авах байсан ч төсөл ирүүлсэн хоршоо алга байна.

Төсөл хүлээн авах хугацааг сунгах эсэхийг ажлын хэсэг хэлэлцээгүй байгаа бөгөөд мөн сонгон шалгаруулалтад төсөл огт ирэхгүй бол өвлийн хүлэмжийн ашиглалтыг хэрхэн явуулах талаар тодорхой шийдэл одоогоор гараагүй гэдгийг ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Э.Уянга хэллээ.

Өвлийн хүлэмжийн аж ахуй эрхлэх хоршоог сонгон  шалгаруулах журмыг ажлын хэсэг гаргасан байна. Журамд хоршоог сонгон  шалгаруулах хэд хэдэн шалгуурыг тусгасан бөгөөд тухайлбал, татварын болон зээлийн хугацаа хэтэрсэн өргүй, эрсдлийг тооцож, даван туулах боломжийг төлөвлөсөн бизнес төлөвлөгөөтэй, 6- аас доошгүй гишүүнтэй, хэрвээ ногоо тарих туршлагатай иргэд хоршоо байгуулсан бол дүрмийн сандаа 1.5 сая төгрөгтэй байх, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тээвэрлэх тээврийн хэрэгсэл, тариалалтын шаардлагатай тоног төхөөрөмжтэй байх ёстой ажээ.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ