Тихановская өөрийгөө “Беларусийн ард түмнээс сонгогдсон цорын ганц удирдагчаар” зарлав

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-09-24 13:50:38

МИНСК. /TASS/. Беларусийн ерөнхийлөгчид нэр дэвшигч асан Светлана Тихановская лхагва гарагт болсон Александр Лукашенкогийн тангараг өргөх ёслолын дараа түүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсныг мэдэгдэж, өөрийгөө тус улсын цорын ганц удирдагч хэмээн зарлажээ.


“Өөрийгөө хууль ёсны гэж хүлээн зөвшөөрүүлэх гэсэн энэхүү оролдлого нь өмнөх бүрэн эрхүүдийг нь дуусгавар болгож буй бөгөөд харин ард түмэн түүнд шинэ бүрэн эрх өгөөгүй. Энэхүү тангараг өргөх ёслол гэгч нь хошин жүжиг юм. Үнэн хэрэгтээ Лукашенко өнөөдөр зүгээр л тэтгэвэртээ гарлаа. Энэ нь түүний хүчний байгууллагуудад өгсөн тушаал хууль ёсны байхаа больсон гэсэн үг юм. Беларусийн ард түмнээс сонгогдсон цорын ганц удирдагч бол би Светлана Тихановская юм” гэж тэрбээр Telegram сүлжээн дэх хуудсандаа мэдэгдсэн байна. 


Тэрбээр шинэ сонгууль явуулах хүсэлтэй байгаагаа дахин илэрхийлээд "ардчилал ялсны дараа" Европын орнууд Беларусьт туслахад бэлэн байгаа гэж мэдэгдэв.


Лхагва гарагт Минск хотын Тусгаар тогтнолын ордонд Александр Лукашенкогийн тангараг өргөх ёслол болсон бөгөөд энэхүү арга хэмжээг анх удаа урьдчилан зарлалгүй явуулсан юм.


Холбоотой мэдээ