“Улаанбаатар Түншлэл-2020”-иор экспортод гаргах бүтээгдэхүүнээ сурталчилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, Нийслэлийн
Засаг Даргын Тамгын Газар хамтран “Улаанбаатар Түншлэл-2020” үзэсгэлэнг Мишээл
экспо төвд өнөөдөр нээлээ.
МҮХАҮТ-ын
дарга Т.Дүүрэн үзэсгэлэнг нээж хэлэхдээ, “Монгол Улсын эдийн засгийг
эрчимжүүлэхэд экспорт чухал үүрэгтэй. Иймд экспортод гаргах боломжтой бараа
бүтээгдэхүүнээ сурталчлах, олонд таниулах үзэсгэлэнг энэ жил МҮХАҮТ-ын 60 жилийн
ойн хүрээнд зохион байгууллаа. Энд дэлгэсэн бараа бүтээгдэхүүнээс шилдгийг
шалгаруулж, хүүгүй зээл олгон, экспортод гаргахад нь дэмжлэг үзүүлнэ” гэлээ.
Монголын худалдааг дэмжиж, шинэ бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргах зорилготой ТРАМ төслийн багийнхан анх удаа үзэсгэлэнд оролцож байгаа бөгөөд гоо сайхан, чацаргана, сарлаг, торомны ноос, сарлагийн арьс шир гэсэн дөрвөн кластер байгуулсан талаар төслийн ахлах зөвлөх Карл Круг ярьсан юм. Эдгээр кластер нь түүхий эд бэлтгэл, боловсруулах болон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, худалдаа, Засгийн газрын төлөөлөл, эрдэм шинжилгээний байгууллага, лаборатори зэрэг оролцогч бүх талыг багтаасан нэгдэл юм. Тэд шинэ бүтээгдэхүүн гаргах, бүтээгдэхүүний чанараа сайжруулах, гишүүдээ сургах, олон улсын гэрчилгээ авах болон дэлхийн зах зээлд гарахаар нягт хамтран ажиллаж байна.
“Хаан
жимс” ХК-ийн менежер Ж.Уянга энэ талаар ярихдаа, “Манай компани бүтээгдэхүүнээ
үйлдвэрлээд 3-4 жил болж байна. Чацарганаар бүтээгдэхүүн хийдэг компаниуд
нэгдэж кластер байгуулсан. Том зах зээлд бүтээгдэхүүн гаргахад нэг компани
дангаараа үйлдвэрлэх боломжгүй тул нэг бүтээгдэхүүнийг олуулаа нийлж нэг
стандарт, нэг савалгаа, нэг брэнд нэрээр үйлдвэрлэж, экспортлох зорилготой. Европын
зах зээлд аль сортын чацарганаар ямар төрлийн эко бүтээгдэхүүн гаргавал
сонирхох талаар олон талаас нь ярилцаж дотооддоо нэгдэж хамтарч байна” хэмээлээ.
Тус компанийн хувьд 10-аад төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээ үзэсгэлэнд
дэлгэжээ. Тухайлбал, уураг, витамин, ханаагүй тосны хүчлээр баялаг, хүчтэй
антиоксидант агуулсан чацарганы тос 25000, чацарганы нухаш 6300, хоол
боловсруулалтыг сайжруулах, ядаргаа тайлж хүч тамир нэмэгдүүлэх, чацарганы охь
савалгаанаасаа хамаараад 1500, 9000, 15800 төгрөгийн үнэтэй байв.
Үзэсгэлэнд үндэсний томоохон үйлдвэрлэгч “Мах импекс”, “Талх
чихэр” ХК хамтран “Дэлхийн брэндийг дураараа бүтээе” уриатай, бургерийн талх,
хиаман зүсмэл бүхий шинэ бүтээгдэхүүнээр оролцож байгаа. Гадаад зах зээлд
бүтээгдэхүүнээ хэрхэн гаргах талаар МҮХАҮТ-аас сургалт зохион байгуулахад
хамтран ажилладгийг “Талх чихэр” ХК-ийн Ерөнхий менежер Тамираа дурдав.
Засгийн газраас 2020 оныг “Экспортыг нэмэгдүүлэх жил” болгон
зарласантай уялдуулан 45 дахь жилдээ зохион байгуулж байгаа тус үзэсгэлэнд үндэсний
хүнс, ноос ноолуур, арьс шир, нэхий, гоо сайхан, гутал үйлдвэрлэгчид оролцлоо. Үзэсгэлэн
энэ сарын 27 хүртэл үргэлжилнэ.