Өвлийн хүлэмж 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна

Орон нутагт | Дундговь
Otgontuya@montsame.mn
2016-05-19 21:41:28

Хэдхэн сарын дараа өвлийн хүлэмжид анхны тариалалтыг хийж, орон нутгийн зах зээлд хүнсний нарийн ногоо, жимс жимсгэнэ байнга нийлүүлдэг томоохон аж ахуйн эхлэл тавигдана гэж аймгийн Засаг дарга С. Од- Эрдэнэ өнөөдөр иргэдтэй хийсэн уулзалтын үеэр онцлон дурьдав.

Дундговь аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр бүтээн байгуулж буй томоохон ажлын нэг нь өвлийн хүлэмж юм. Нийт 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар тус бүр 1200 м. кв талбай бүхий  дөрвөн хүлэмж барих бөгөөд эхний хүлэмжийн хөрөнгө оруулалтыг өнгөрсөн онд шийдсэнээр барилгын ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар барилгын гүйцэтгэл 70 гаруй хувьтай байгааг Засаг дарга мэдээлсэн юм.

Хүлэмж тус бүрдээ 600 м.кв талбай эзэлсэн хоёр хэсэгтэй байна. Хэсэг тус бүрийг нэг хоршоонд эзэмшүүлэн ажиллуулах бөгөөд хоршоог сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулжээ.

Өвлийн хүлэмжтэй болсноор 20 гаруй ажлын байр бий болно хэмээн тооцож байна.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ