Завханы шилдэг сувилахуйн мэргэжилтнүүд Улан-Үдэд туршлага судална

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2016-05-20 13:56:10

Багц мэдээ

Улиастайн зургаан багт гэрийн сувилахуйн тусламж үзүүлжээ

Завханы ЭМГ-ын дэргэдэх Сувилахуйн удирдах зөвлөлөөс “Сувилагчийн нэг өдөр”-ийн аяныг зохион байгууллаа.

Аянд 13 байгууллагын 1300 хүнд сургалт сурталчилгаа явуулж зохион байгуулсан байна. Мөн үеэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн тасаг нэгжүүд өөрсдийн тасгийн онцлогт тохирсон өдөрлөг үзүүлэх сургалт хийжээ. ЭМСЯ сайдын тушаалыг үндэслэн гэрээр үзүүлэх  сувилахуйн тусламж үйлчилгээг зорилтот бүлгийн ард иргэдэд хүргэх зорилгоор Сувилахуйн алба, ДЗОУБ-ын Хүүхэд хөгжил хөтөлбөртэй хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй  хүүхэд,  ахмад настанг дэмжих баг”, Хөнгөвчлөх тусламж тусламж үйлчилгээний баг, Мэс заслын баг, Эх хүүхдийн багийг байгууллагын даргын тушаалаар томилгоожуулан ажилласан байна. Мөн гэрийн сувилахуйн тусламж үйлчилгээг Өрхийн эрүүл мэндийн төв, Уламжлалт анагаах ухааны төвтэй хамтран Улиастай сумын Жинст  багийн зургаан өрхийн 11 иргэн, дөрвөн хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй, хэвтрийн хүүхэд, Жаргалант багт таван өрхийн 7 иргэнээс хөгжлийн бэрхшээлтэй таван хүүхэд, Богдын гол, Өлзийт  багийн Хөгжлийн бэрхшээлтэй зургаан хүүхдэд асаргаа сувилгааг хийж  асран хамгаалагч эцэг эхчүүдэд гэрээр асарч сувилах арга, зөв хооллолт дасгал хөдөлгөөн, Богдын гол, Жаргалант, Жинст, Өлзийт  багийн хөгжлийн бэрхшээлтэй 15 хүүхдэд Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран гарын бэлэг өгч сувилахуйн тусламж  үйлчилгээг гэрээр үзүүлжээ.

Хөвөнгийн хэрэгцээнд хийсэн судалгаа тэргүүлжээ

Сувилагчийн нэг өдрөөр Завханы эрүүл мэндийн салбарт ажиллаж буй сувилагчдын дунд “Хэрэглэгчдэд ээлтэй сувилахуйн тусламж үйлчилгээ” сэдэвт онол практикийн бага хурлыг зохион байгууллаа.

Энэ үеэр эрүүл мэндийн салбарт ажиллаж буй 47 сувилагч ажил мэргэжлийнхээ арга, туршлага дээр үндэслэн жилийн турш хийсэн судалгааг баримт тоон мэдээлэлтэй уялдуулан цаашид ажил дээр хэрхэн хэрэглэж нэвтрүүлэх талаар илтгэл тавьжээ. Ийнхүү шилдэг 21 илтгэл тавигдаж тэргүүн байранд Нэгдсэн эмнэлгийн дотрын тасгийн З.Лхагвасүрэн ахлагчтай багийн  хөвөнгийн хэрэгцээнд хийсэн судалгаа, дэд байранд Төрөх тасгийн сувилагч Я. Жамбалсүрэн, Халдвартын тасгийн сувилагч Ю.Аюурзана нарын Аюулгүй хайрцагны хэрэглээнд хийсэн судалгаа, гуравдугаар байрт Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн сувилагч н.Долгорсүрэнгийн судалгаа тус тус шалгарчээ.

Халдвартын тасгийн сувилагч Д.Дайриймаа шилдгээр шалгарчээ

 

Завханы сувилагч нар “Сувилагчийн нэг өдөр”-өөр шилдгүүдээ тодрууллаа.

“Сувилагчийн нэг өдөр”-өөр Завханы эрүүл мэндийн салбарт ажиллаж буй сувилагч нарын дунд ажил мэргэжлийн уралдааныг гурван үе шаттай зохион байгуулж шилдгүүдээ шалгаруулсан байна. Шилдгээр Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасгийн сувилагч Д.Дайриймаа, Дотрын тасгийн сувилагч Н.Нансалмаа, Мэс заслын тасгийн сувилагч Б.Дагварэнцэн нар эхний гуравт тэргүүлсэн байна. Удаах байруудад МЭЭЯТ-ийн сувилагч Л.Энхсайхан, Г.Мөнгөндолгион, Нөмрөг сумын ЭМТ-ийн сувилагч О.Шүр-Эрдэнэ, Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн сувилагч С.Баярмагнай нар шалгарчээ. Мөн үеэр эрүүл мэндийн салбарынхны дунд аварга шалгаруулах спортын дөрвөн төрөлт тэмцээн явагдаж гар бөмбөгийн төрөлд Нэгдсэн эмнэлгийн  Э.Гантөмөр ахлагчтай баг тэргүүлсэн байна. Түүнчлэн сувилагч тусгай мэргэжилтний дунд “Урлагийн үзлэг”-ийг гоцлол дуу, харилцаа дуу, уртын дуу, бүжиг, хөгжим, уран уншлага язгуур урлагийн төрлүүдээр явуулж “Дэнлүү барьсан бүсгүй” хүндэтгэлийн тоглолтыг Улиастайн иргэдэд тоглож үзүүлжээ. Тоглолтонд аймгийн 24 төрийн байгууллага, эрүүл мэндийн байгууллагын 60 гаруй мэргэжилтэн оролцжээ.

Завханы шилдэг сувилахуйн мэргэжилтнүүд Улаан-Үд хотод туршлага судална

Эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд гүйцэтгэх үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж буй сувилагч, тусгай мэргэжилтнүүдийг сурталчлан урамшуулах зорилгоор Завхан аймаг шилдгийн шилдгүүдээ тодруулж урамшуулж, аймгийн шилдэг 17 сувилахуйн мэргэжилтэнг Улан-Үдэ хотод туршлага солилцох уулзалт, сургалтанд оролцуулахаар боллоо.

Тухайлбал шилдэг сувилагчаар аймгийн НЭ-ийн халдвартын тасгийн сувилагч Д.Дайриймаа, шилдэг бариа засалчаар Одчим хувийн эмнэлгийн бариа засалч Б.Гансүх, шилдэг сувилахуйн багаар Б.Болормаасүрэн ахлагчтай сувилахуйн баг, шилдэг удирдагчаар Тосонцэнгэл сумын эмнэлгийн ерөнхий сувилагч С.Жаргалсайхан, шилдэг статистикч бага эмчээр Богд-Өлзий өрхийн эрүүл мэндийн төвийн статистикч бага эмч Л.Цэцэгээ, шилдэг багийн эмч Баянтэс сумын Бужир багийн бага эмч Р.Цэцэгмаа, шилдэг эх баригчаар  Д.Жавзандулам, шилдэг лаборантаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн лаборант Б.Жавзандулам  нар тодорчээ. Мөн Эрүүл мэндийн байгууллагын 19 мэргэжилтэн “1000 сувилагчийн чуулган”, Сувилахуйн амьдрал төвийн “Алтан дэнлүү” хүндэтгэлийн үйл ажиллагаанд Завхан аймгаас төлөөлөгчөөр оролцохоор болжээ.

 

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ