Өмнөх парламентын үед өргөн барьсан хуулийн төслүүдийг буцаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-10-01 13:15:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар 2016-2020 онд УИХ-ын үед өргөн мэдүүлсэн 100 гаруй хуулийн төслийг хэрхэн шийдвэрлэх талаар бүлгийн хуралдаанаар хэлэлцжээ.


Бүлгийн хурлаас өмнөх парламентын үед боловсруулан өргөн барьсан гишүүн нь 2020 оны сонгуулиар дахин сонгогдоогүй төслүүдийг санаачлагчид нь буцаах нь зөв хэмээн үзсэн байна. Мөн Засгийн газар өргөн барьсан зарим хуулийн төслөө татан авч, дахин боловсруулж, өргөн барих болсон гэдгийг тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэвлэлийн хурал хийхдээ мэдээлэв.


Мөн тус бүлэг УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, батлах нь зөв хэмээн үзсэн байна.


Хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид УОК-оос хөл хорионы дэглэмийг сулруулчихаад байхад Төрийн ордноос мэдээлэл чөлөөтэй бэлтгэх боломжийг бүрдүүлж өгөхгүй байгаад шүүмжлэлтэй хандаж, уг асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ.


МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэвлэлийн эрх чөлөөг хангах үүднээс УИХ-ын Тамгын газрынхантай уулзаж, өнөөдрийн дотор тодорхой шийдвэр гаргана хэмээсэн юм.

Холбоотой мэдээ