Сууц, гэрээ дулаалах нь ногоон технологи нэвтрүүлэх эхний алхам
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэд амьдарч байгаа байр, орон сууц, гэрээ дулаалах нь ногоон технологи нэвтрүүлж байгаа хамгийн эхний алхам гэдгийг Улаанбаатар-цэвэр агаар төслийн зохицуулагч Н.Баяртогтох өнөөдөр “Блю скай” зочид буудалд болсон “Ногоон технологи-2020” өдөрлөгийн хэлэлцүүлэгт оролцох үеэр онцлов.
Тэрээр цааш нь ярихдаа “Дулаалгаа сайжруулснаар нүүрсний хэрэглээг шууд 50 хувь бууруулж, тэр хэмжээгээр агаарын бохирдол ч багасна. Бид гар доорх материал ашиглан, дулааны алдагдалтай сууц барьчихдаг. Үүнд төрийн байгууллага гэрчилгээ олгохдоо тогтоосон стандартаа мөрдүүлэхэд анхаарах хэрэгтэй”-г тэмдэглэлээ.
Найм дахь жилдээ зохион байгуулж байгаа "Ногоон технологи-2020" өдөрлөгөөр 30 гаруй аж ахуйн нэгж, байгууллага эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур, гэр, байшингийн дулаалга, эко жорлон, сэргээгдэх эрчим хүч, бохир ус цэвэрлэх, эргүүлэн ашиглах, дахин боловсруулах, хог хаягдлыг дахин боловсруулах технологи, эрчим хүчний хэмнэлттэй ногоон технологийг танилцууллаа. Мөн "Хас", "Хаан" банк, "Төрийн банк"-ны “Ногоон зээл”-ийн талаар мэдээлэл өгөв.
Засгийн газар ногоон технологи, хэрэглээ нэвтрүүлэх чиглэлд багагүй ажил хийснээ энэ үеэр танилцуулав. Тухайлбал, сүүлийн хоёр жилд сайжруулсан түлш хэрэглээнд нэвтрүүлснээр нийслэлийн агаарын бохирдлыг 50 хувиар бууруулжээ. Өнгөрсөн онд аж ахуйн нэгжийн 59 тоног төхөөрөмжийг орлогын албан татвараас чөлөөлж, 55,9 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлсэн. Мөн “Хаан”, “Хас” банктай хамтран 11 төрлийн бүтээгдэхүүнд 6,8 тэрбум төгрөгийн зээлийг жилийн 8-9 хувийн хүүтэй олгожээ. Сонгинохайрхан дүүргийн 122 дугаар сургуульд газрын гүний дулааны насос, 14 сургууль, цэцэрлэгт хийн халаагуур суурилуулж, 30 сургууль цэцэрлэгийг эрчим хүчний хэмнэлттэй халаалтаар хангасан. Хог хаягдлыг дахин боловсруулахаар автомашины 450 мянган дугуй цуглуулж сургууль, цэцэрлэгийн гадна тохижилт хийж, хог хаягдлын цаас, шил, хуванцар, гялгар уут гэх мэт түүхий эд авах цэг байгуулан, тээвэр ложистикийг шийджээ.
БОАЖ-ын
сайд Д.Сарангэрэл өдөрлөгийг нээж хэлэхдээ, “Монгол
Улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж
буй 10 орны нэг болоод байна. Үүнээс үүдэн байгалийн гамшигт
үзэгдлийн давтамж нэмэгдэх, бэлчээрийн доройтол, хуурайшил, түймэр, усны
нөөц, цөлжилт зэрэг сөрөг үр дагавар бий
боллоо. Иймд уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд шинэ
технологи нэвтрүүлж, аль болох урьдчилан сэргийлэх, улмаар
дасан зохицох шаардлага бодитоор тулгарлаа.
Үүнд ногоон технологи өдөрлөг үр дүнгээ өгдөг. Байгальд ээлтэй, эрчим хүчний
хэмнэлттэй бүтээгдэхүүн, шинэ технологи сурталчлах, иргэд эдгээрийг
хэрэглээндээ нэвтрүүлэх нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийж болох нэг алхам” гэсэн юм.
Ногоон технологийг дэмжих бодлогын талаар БОАЖЯ-ны инноваци, цэвэр технологийн хэлтсийн дарга Б.Оргил ярихдаа, “2050 он гэхэд дэлхийн хүн ам 9,7 тэрбум хүрэх тооцоо бий. Иймд эх дэлхийн нөөцийг үлдээхийн тулд байгальд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй үйлдвэрлэлийг дэмжих хэрэгцээ, шаардлага тулгараад байна. Төрөөс сэргээгдэх нөөцийг ашиглах, байгалийн баялаг, хаягдлыг дахин боловсруулахад анхаарна. Ногоон хөгжлийн бодлогод уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон техник технологи нэвтрүүлэхээр тусгасан ч төр дангаар хийх боломжгүй тул хувийн хэвшилтэй хамтрах шаардлага байгаа”-г дурдсан юм.
БОАЖЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага хамтран зохион байгуулсан өдөрлөгт БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл нийгмийн хариуцлага болон байгаль орчны манлайлал үзүүлэн хандлагаа өөрчлөн эх дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд чухал хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгж байгууллагуудад “Ногоон гэрчилгээ” олгов. Мөн салбарын мэргэжилтнүүд “Ногоон технологи” сэдвээр илтгэл тавьж, цаашид хийх ажлын талаар санал солилцлоо.
Байгальд ээлтэй,
ногоон технологи, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалаа хоёр өдрийн турш
үргэлжилнэ.