“Ховд дулааны станц”-д утааг 99 хувь шүүх зориулалттай шүүлтүүр суурилууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-10-02 21:10:09

Ховд /МОНЦАМЭ/. Ховд дулааны станц ашиглалтад орсноор яндангаас гарч буй утаа тортогны асуудал яригдах болсон. Өөрөөр хэлбэл, 2014-2015 онд Ховд дулааны станц”-ын ойр орчмын айл өрхөөс утаа тортогтой холбоотой санал гомдол нэлээд ирсэн аж.

Тиймээс тус станцын зүгээс жил бүр ажиллах горим, тохиргоог сайжруулахад анхаарч ажиллажээ. Гэхдээ стандартын шаардлага хангасан, байгаль орчинд ээлтэй шинэ технологи нэвтрүүлэх зайлшгүй шаардлага байсаар байв.

Иймд Байгаль орчин аялал жуулчлалын яамны Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос утааны бохирдлыг арилгах зориулалт бүхий шүүлтүүр суурилуулах ажлыг Ховд дулааны станц дээр гэрээт компаниар дамжуулан гүйцэтгүүллээ.

Ингэхдээ "уутат хэлбэрийн шүүлтүүр"-ийг Ховд дулааны станц”-ын 2-3 дугаар зууханд нэг сарын хугацаанд угсарч, ашиглалтад хүлээлгэн өгчээ.

БНХАУ-ын шинэ дэвшилтэт технологиор нэрлэгдсэн уутат хэлбэрийн шүүлтүүр нь дулааны станцын яндангаас гарч байгаа утаа тортгийг 99 хувь шүүх хүчин чадалтай аж.

“Ховд дулааны станц-д өмнө нь ашиглаж байсан шүүлтүүр утаа тортгийн 60 хувийг шүүж байжээ. Тиймээс шинээр суурилуулсан шүүлтүүр нь 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад нэлээд үр дүнгээ өгнө гэж албаныхан онцоллоо.   

Холбоотой мэдээ