Дөрөв дэхь жилдээ тарвага нутагшуулав

Орон нутагт | Дундговь
Otgontuya@montsame.mn
2016-05-20 23:11:20

Тоо толгой нь цөөрсөн тарвагыг хамгаалж, нутагшуулан өсгөхөөр Сайнцагаан сумын иргэн Б. Бат- Эрдэнэ дөрөв дэхь жилдээ ажиллаж байна. Тэрээр энэ хавар 7 тарвага шинээр нутаг сэлгэн авчирчээ.

Б. Бат- Эрдэнэ анх 2013 онд Баянжаргалан сумын Арагийн хад хэмээх газраас 22 тарвага нутаг сэлгэн Хаалган хад хэмээх аймгийн тусгай хамгаалалттай бүс нутагт авчирч тавьсан юм. Урьд жилүүдэд авчирсан тарваганы үр төл өсч үржээд хэд орчимд хүрснийг хараахан мэдэхгүй ч зөөж нутагшуулсан тарваганы тоо толгой 40 гаруйд хүрчээ.

Тарвага бол мэрэгч амьтан учраас хөрсийг доороос нь сийрүүлж өгдөг бөгөөд ялгадас нь хөрсөнд бордоо болсноор бэлчээрт олон зүйлийн ургамал ургах нөхцлийг бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл тарвага цөлжилтийг сааруулахад бодит хувь нэмэртэй амьтан болох учраас тоо толгойг өсгөж, хамгаалахад бага ч гэсэн хувь нэмэр болъё гэж тарвага нутагшуулах ажлаа эхэлсэн гэж Б. Бат- Эрдэнэ ярьсан юм. Тарвагыг намар ичээндээ орохоос өмнө эсвэл хавар ичээнээс гарсан даруйд нутаг сэлгэвэл амархан нутагшдаг тул жил бүрийн хавар тарваганы тоог бага багаар ахиулж байгаа ажээ. Тарвага нутагшуулах түүний санаачлагыг аймгийн ИТХ дэмжиж орон нутгийг хөгжүүлэх сангаас 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг ч хоёр жилийн өмнө өгч байжээ.

10 дугаар сарын дундаас эхлэн тарвага ичнэ. Тэр хүртэл Хаалган хадны бүс нутгийн байгаль хамгаалагч О. Баттөмөртэй хамтран байнгын ажиглалт хийж, аюулгүй байдлыг хангадаг гэж Б. Бат- Эрдэнэ ярилаа. Энэ нутагт тэрээр 50 гаруй тарвага нутагшуулах зорилготой ажээ.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ