Н.Чинбат, Д.Одбаяр нарыг Казахстан улсын Үндсэн хуулийн 25 жилийн ойн медалиар шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2020-10-07 12:31:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат, цэцийн гишүүн Д.Одбаяр нарыг БНКазУ-ын  Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын зарлигаар Казахстан улсын Үндсэн хуулийн 25 жилийн ойн медалиар шагнажээ.


Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн олгож буй энэхүү шагналыг БНКазУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Жалгас Жумаевич Адилбаевыг энэ сарын 5-нд гардуулсан байна.


Энэ үеэр Элчин сайд Жалгас Жумаевич Адилбаев БНКазУ-ын Ерөнхийлөгчийн нийт ард түмэндээ хандсан илгээлтийг танилцуулав. Өнгөрсан сарын 1-нд танилцуулсан тус илгээлтэд улс орныхоо хөгжлийн  хөтөлбөр төлөвлөгөө, “COVID-19” цар тахлын дараа хэрэгжүүлэх бодлого болон  төр,  иргэд хоорондын харилцаа, хамтын үйл ажиллагааг дэлгэрэнгүй тусгасны хамт хүний эрхийг хамгаалах асуудлыг онцгой анхаарсан гэдгийг онцлов.


Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат БНКазУ-ын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев болон  Үндсэн хуулийн шүүхийн зөвлөлийн дарга К.А.Мамид нарт талархал дэвшүүлэхийг хүслээ. Мөн БНКазУ-ын Үндсэн хуулийн шүүхийн Зөвлөл Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн бага хурлыг амжилттай зохион байгуулсныг дурдаад энэ үеэр хэлэлцсэн  асуудлууд Үндсэн хуулийн хөгжлийн онол-арга зүйн хувьд маш их ач холбогдолтой болсон гэдгийг тэмдэглэв.

Холбоотой мэдээ