“Build Mongolia 2020” үзэсгэлэнд дэвшилтэт технологийг танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-10-08 14:43:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын дэд бүтцийн “Build Mongolia 2020” үзэсгэлэнг анх удаагаа Улаанбаатар хотноо Мишээл экспо төвд энэ сарын 23,24-нд зохион байгуулна.  


Үзэсгэлэнд дэлхийн улс орнуудын дэд бүтцийн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг танилцуулах юм.

COVID-19” халдварын хорио цээрийн улмаас дэлхий улс орнуудаас тус үзэсгэлэнд ирж оролцох боломжгүй ч зарим улс орны Элчин сайдын яамдаар дамжуулан өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ сурталчлахаар болжээ. Тухайлбал, Канад, Англи болон Чехийн компаниуд Элчин сайдын яамаар дамжуулан оролцохоос гадна дотоодын 100 гаруй аж ахуйн нэгж оролцоно.

Үзэсгэлэнгийн үеэр хөрөнгө оруулагчид, ханган нийлүүлэгчид болоод бусад зочдод Монголын барилга, эрчим хүч, зам тээвэр, хүнд үйлдвэрийн салбарын мэдээллийг бүрэн хүргэх зорилгоор салбар тус бүрийн тухайн үеийн онцлог сэдвийг хөндсөн төрийн бодлогын хэлэлцүүлэг явуулахын зэрэгцээ тус салбарын компаниуд илтгэл тавих юм.  

Түүнчлэн бүтээн байгуулалтын гол салбар болох зам тээвэр, эрчим хүч, уул уурхай, барилгын салбарынхан оролцож, харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, бизнесээ тэлэх хамгийн чухал гарц болно гэдгийг албаныхан онцлов.

Ивээн тэтгэгчээр үндэсний бүтээн байгуулагч "Юнитра" ХХК ажиллаж байна. 


Холбоотой мэдээ