Говь-Алтайн музейд Галданбошигт хааны хэрэглэж байсан эмээл хадгалагдаж байна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-10-09 14:27:36

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Орон нутаг судлах музейд ховор нандин үзмэр болох Галданбошигт хааны хэрэглэж байсан 17 дугаар зууны үеийн эмээл хадгалагдаж байна.


Энэхүү эмээлийг 1956 онд тус аймгийн Шарга сумын Цагааннуур орчмоор нутаглаж байсан хөгшин "Галданбошигт хаанаас үе удам дамжуулан хэрэглэж байгаад орон нутгийн музейдээ өглөө" гэсэн мэдээлэл баримт бичигт тэмдэглэгдэн үлдээсэн байдаг тухай тус музейн эрхлэгч М.Оюунзул танилцуулав.

Эмээл нь монгол гутлын дүрслэлтэй ба урд бүүрэг нь хоншоорыг, хойд бүүрэг нь гутлын оймсны хярыг дүрсэлснээрээ өвөрмөц юм. Харин хийцийн хувьд эмээлийн бүүрэгний эмжээр буюу хярыг мөнгөөр цутган, түүний урагш, хойш харсан талуудыг алтаар шарж, дэвсэг дээр нь усан долгион хээг шаглан оёжээ. Энэ нь усны давалгаа, усны амьтан болох загасыг дүрсэлсэн нь тус аймгийн Шарга сумын нутагт "далай" байсантай холбоотой гэх домог яриа ч бий.

Говь-Алтай аймгийн Орон нутгийн судлах музей нь ашигт малтмал, байгаль-газарзүй, түүх-угсаатан, шашин, ардын урлал, “Эх оронч”-дын болон Ч.Лодойдамбын гэсэн танхимуудад 2500 гаруй үзмэр, эд өлгийн зүйл сан хөмрөгт хадгалагдаж байгаа ажээ. 


Холбоотой мэдээ