"Жаргалтай амьдрал" төв үйлчлүүлэгчдээ хүлээн авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баяхонгор аймаг дахь Цагдаагийн газар, аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ, ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг хамтран "Жаргалтай амьдрал төв"-ийг Цагдаагийн газрын хуучин байрыг түшиглэн байгуулсан талаар бид мэдээлсэн.
Архины хамаарал бүхий /донтогч/ иргэдэд эмнэлгийн болон нийгэм, сэтгэлзүйн тусламж үйлчилгээг үзүүлэх тус төв эхний ээлжийн 10 үйлчлүүлэгчээ хүлээн авч эмчилгээг эхлүүлжээ.
"Жаргалтай амьдрал" төвд сэтгэцийн эмч, сэтгэлзүйч, гэр бүл судлаач, нийгмийн ажилтан зэрэг мэргэжлийн баг үйл ажиллагаа явуулж, архины хамаарал бүхий /донтогч/ иргэд болон тэдний гэр бүлд чиглэсэн цогц эмчилгээ, нийгэм сэтгэлзүйн үйлчилгээг үзүүлж, сэтгэцийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх юм. Ингэснээр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд ахиц гарч, иргэд амар тайван, аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломж бүрдэнэ гэдгийг албаныхан хэлж байна.
