ЭХ-ний сайд цахилгаан, дулаан түгээх компанийн ажилтай танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-10-12 16:46:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Өмнөговь аймгийн хэрэглэгчдийг цахилгаан, дулааны эрчим хүчээр хангадаг “Даланзадгадын Дулааны Цахилгаан станц” ТӨХК, “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ажилтай амралтын өдрүүдэд танилцав.

2000 онд байгуулсан “Даланзадгадын Дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл 93.7 хувьтай байна. Өсөн нэмэгдэж буй дулааны эрчим хүчийг хангахад зуухны уурын бүтээмж дутагдалтай байгаа. Хэрэглэгчдийг цахилгаан, дулааны эрчим хүчээр тогтмол, найдвартай хангахын тулд зуухны уурын ачааллыг 5.7 тонн/цаг, дулааны ачааллыг 8.5 Гкал/цаг-аар нэмэх шаардлагатай. Мөн цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэлийн өртөг борлуулалтын үнээс хэт доогуур байдгаас санхүүгийн хүндрэл үүсэж байгаа”-г орон нутгийнхан ярив. Сайд Н.Тавинбэх энэ талаар Эрчим хүчний зохицуулах хороонд хандаж, тарифын оновчтой зохицуулалт хийхэд анхаарахаа хэллээ.

Үүний дараа “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ажил байдалтай танилцав. “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК 2013 онд байгуулагдсан. Одоогоор 288  хуваарилах байгууламж, дэд станцын цахилгаан тоног төхөөрөмж, 10299.6 км цахилгаан дамжуулах агаарын шугам /ЦДАШ/-ын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан Өмнөговь аймгийн 14 сумын нутаг дэвсгэрийн 17867 хэрэглэгчид цахилгаан эрчим хүч түгээж байна. 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл 98 хувьтай байв. Өнгөрсөн оноос ухаалаг тоолуурын систем нэвтрүүлэн, 250 дэд станц, 45 аж ахуй, 468 айл өрхөд суурилуулжээ. “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК өнгөрсөн сарын 3-нд Оюутолгой ХХК-тай цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан. Энэ сарын 10-ны байдлаар 832,230 кВт/ц, хоногт дунджаар 0,8-1,4 МВт ачаалал авч байна.

Сайд Н.Тавинбэх цаашид цахилгаан эрчим хүч нийлүүлэлтийн хэмжээ нэмэхийн хэрээр илүү хариуцлагатай ажиллахыг компанийн ажилчдад захив. 

Холбоотой мэдээ