О.ОДГЭРЭЛ: ҮЗЭГЧДИЙН ДОТООД СЭТГЭЛ РҮҮ ӨНГИЙЖ ЧАДАХ КИНОНУУДЫГ БИД БЭЛДСЭН

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2020-10-12 20:00:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 

 

“Улаанбаатар” олон улсын кино наадам 12 дахь жилдээ буюу энэ сарын 19-нөөс 25-ныг хүртэлх өдрүүдэд "Тэнгис" кин театрт зохион байгуулагдах гэж байна. Энэ талаар Монголын Урлагийн Зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэлтэй уулзаж ярилцлаа. 


-ГАДНААС КИНОНЫ ЭРХИЙГ НЬ АВЧ ГАРГАХАД ЗАРДАЛ ИХ ҮНЭТЭЙ ТУСДАГ-


-“Улаанбаатар” олон улсын кино наадам эхлэхэд цөөн хоног үлджээ. Кино наадмыг хэрхэн зохион байгуулж байна вэ?


-Энэ жилийн хувьд цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор дэлхийн улс орны олон кино наадам цуцлагдсан. Харин бид кино наадмаа үзэгчидтэй, кино театрт зохион байгуулах болсондоо баяртай байгаа. Ид бэлтгэл ажилдаа ороод явж байна. Энэ жил би их азтай байсан. Учир нь өнгөрсөн хоёр дугаар сарын сүүлээр Берлиний кино наадамд оролцчихоод гурван сарын 2-нд Монголдоо буусан юм.


-Кино наадам тухайн урлагийг хөгжүүлэх дэд бүтэц болдог уу?


-Тийм гэж хэлж болно. Ер нь олон улсын кино наадам нь тухайн орны соёлын бүтээлч үйлдвэрлэлийн нэг хэсэг байдаг. Нөгөөтээгүүр эдийн засгийн эргэлтэд хувь нэмрээ оруулахаас гадна цаашлаад өөрийн улс орныг болон уран бүтээлчдийг олон улсад сурталчлах томоохон боломжийг бүрдүүлж өгдөг. Ийм ч учраас тогтмол зохион байгуулах нь маш чухал.


Каннын кино наадам гэхэд л Франц улсыг, Берлиний кино наадам Германыг, Локарно наадам Швейцарыг гээд улс орноо сурталчлан таниулж, уран бүтээлчдийг алдаршуулахаас гадна үүнийг дагаад олон том боломж бий болдог. Манай орны хувьд одоохондоо энэ бүх боломжийг сайн ойлгоогүй, нэгдсэн бодлого, хамтын ажиллагаа дутмаг байгаа. Цаашид сайжирна хэмээн найддаг.


-Төрөөс ямар нэгэн дэмжлэг авдаггүй гэсэн үг үү?


-Төрийн зүгээс дэмжлэг авалгүй яахав.  Гэхдээ улсын төсвөөс их хамааралтай. Дэмжлэг  нь тодорхой хэмжээний хязгаарлалттай байдаг. Заавал бусад эх үүсвэрээс сан бүрдүүлэх шаардлагатай болно. Кино наадмын хүрээнд БСШУСЯ-тай 3 жил хамтран ажиллаж, санхүүжилт авч  байсан. Сүүлийн жилүүдэд Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран зохион байгуулж байгаа. Энэ жил  мөн сая дурдсан байгууллагуудаас гадна   "Номадиа Пикчерс", Швейцарын Хөгжлийн Агентлаг, Бүгд Найрамдах Франц , Австрали, Итали зэрэг улсын элчин сайдын яамд, монгол дахь "Гёте Институт", "Тайпэйн Худалдаа", Эдийн Засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн Газар зэрэг олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Элчин сайдын яамдтай хамтран ажиллаж, тухайн улсын найруулагч, уран бүтээлчдийн бүтээлийг бидэнд танилцуулахыг санал болгодог.


-Дэлхийн хөгжлийн чиг хандлага гурван хөшүүрэгтэй байсан. Харин үүн дээр сүүлийн жилүүдэд соёл урлаг нэмэгдсэн. Хүмүүсийн хувьд ч энэ түвшний ойлголт нь харьцангуй тэлсэн шиг харагддаг?


-Нийгэм, эдийн засаг, байгаль орчиний хөгжил гэсэн гол гурван хөшүүрэг дээр соёл урлаг нэмэгдсэн. Соёл урлагаар дамжуулан тухайн улсын эдийн засгийг тэлж болно. Үүнээс гадна хувь хүний хөгжлийг дэмжих, бүтээлч сэтгэлгээтэй иргэнийг төлөвшүүлэхэд соёл урлаг  чухал үүрэгтэй. Түүн дотор кино урлаг том талбарыг эзлэн оршдог. Өөрөөр хэлбэл кино урлагийн салбар хөгжсөнөөр тухайн улсын эдийн засагт томоохон нэмэр болохоос гадна тухайн салбарт ажиллаж буй хувь хүн орлоготой болох, хөгжих боломжийг бий болгоно. Нөгөө талаар үзэгчид арт хаус бүтээл үзсэнээр хөгжих, дэлхийн кино урлагийн хөгжлийн чиг хандлагатай танилцах боломжтой. Цаашид энэ урлагийн төлөөх хамтын ажиллагаа идэвхтэй болоосой, найруулагчид  киноныхоо чанарт анхаарч, илүү сайн уран бүтээл бүтээгээсэй гэж хүсдэг.


-КИНО БОЛ НАЙРУУЛАГЧИЙН ДҮРСЭЭР ЗУРСАН УРАН ЗУРАГ ЮМ-



-“Улаанбаатар” кино наадам жилээс жилд хүрээ хязгаараа тэлсээр байна. Энэ оны хувьд гэхэд л “Үзэхийн хязгаар” хэмээх шинэ хэсэгтэй болж байна.  Тус хэсэгт толилуулах үзвэр болон хөтөлбөрөө хэрхэн өргөжүүлсэн талаар ярихгүй юу?


-Энэ жил бид кино наадмынхаа агуулгыг соёлын илэрхийллийн олон төрлийг дэмжих, кино үзвэрийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Үзэхийн хязгаар” шинэ хэсгээр өргөжүүлсэн. Уг хэсгийг бид “Говийн зэрэглээ” монголын уран сайхны киногоор нээхээр болсон. Мөн Азийн кино урлагийн салбарын тэргүүлэх найруулагчийн бүтээлийг “Азийн кино үзвэр”-ээр үзэгчдэд хүргэхээр зорьсон.


-“Говийн зэрэглээ” бол монголчуудын хийж байсан цөөхөн “арт хаус” төрлийн кинонуудын нэг. “Үзэхийн хязгаар” хэсгийг юуны учир тус киногоор нээх болов?


-“Говийн зэрэглээ” кино нь HD форматад ороогүй, архивд хадгалагдсан хуучин хэвээр байсан бөгөөд энэ жил кино бүтээлийн  40 жилийн ой тохиож байна. Тус киног “Номадиа пикчерс” болон Архивын Ерөнхий газартай хамтран “Монгол кино HD” төслийн хүрээнд сэргээн шинэчлэж, олон улсын кино наадмын хүрээнд үзэгчдэд хүргэж байгаадаа баяртай байна.


-Мөн “Хүүхдийн кино үзвэр”-ийг тусад нь толилуулахаар болсон гэсэн. Тус хэсэгт хэчнээн кино багтсан бэ?


-Сургуулийн насны хүүхдүүдэд зориулсан “Хүүхдийн кино үзвэр”-тээ Франц, Австрали, Швейцарын 3 бүтээлийг үзүүлэхээр бэлдсэн байгаа. Тус кинонууд бүгд арт төрлийнх. Австрали найруулагчийн “А гэвэл аз жаргал” гэдэг их өнгөлөг кино бий. Мөн Францын “Сицилийг эзэлсэн баавгайнуудын гайхамшигт түүх” гэж хүүхэлдэйн кино байгаа. Ямартаа ч сэдэв, агуулгын хувьд зөвхөн хүүхэд  гэлтгүй томчууд үзэх ч боломжтой юм.


Түүнчлэн алслагдсан дүүргийн хүүхдүүдийг тусгай автобусаар зөөвөрлөн киногоо үнэ төлбөргүй үзүүлнэ. Театрын дуу чимээг тэсвэрлэх, титр уншиж чадах боломж зэргээс хамааран Ерөнхий боловсролын сургуулийн 12-оос дээш насны хүүхдүүд кино үзвэрт ирэх боломжтой.


-“Улаанбаатар” олон улсын кино наадам эхнээсээ бэлгээ задлаад эхэлчихсэн. Үүний нэг нь С.Бямба найруулагчийн “Хэвтрийн хүн” киногоор нээлтээ хийхээр болсон. Уралдаант хэсгийн шалгаруулалт явагдаж энэ шийдвэр гарсан уу?


-Кино наадам "Нээлтийн кино" болон “Монгол кино” гэсэн хоёр уралдаант хэсэгтэй байдаг. Нээлтийн киноны уралдаант хэсэгт “Хэлгүй жим”, “Хөхөө”, “Хэвтрийн хүн” гэсэн гурван кино ирсэн. Харин монгол киноны уралдаант хэсэгт долоон найруулагчийн бүтээл ирсэн байсан. Бид өнгөрсөн 9 сарын эхээр уралдаант хэсгийн кинонуудаа хүлээн авч тусгай шүүгчийн баг ажиллаж шийдвэр гаргаснаар С.Бямба найруулагчийн “Хэвтрийн хүн” шалгарсан. Тус бүтээлийг найруулагч өөрөө монгол киноны уралдаант хэсэгт өгөлгүйгээр зөвхөн нээлтийн киноны уралдаант хэсэг өгсөн юм билээ.


-Ямар, ямар шүүгчид ажилласан юм бол оо?


-Шүүгчийн бүрэлдэхүүнд “Улаанбаатар” олон улсын кино наадмын уран сайхны удирдагч, АЖ, найруулагч Г.Жигжидсүрэн, Монголын Үндэсний Кино Хорооны тэргүүн Н.Оргил, судлаач шүүмжлэгч, доктор П.Батхуяг, кино судлаач Б.Түмэн-Өлзий, наадмын олон улсын уран сайхны удирдагч Энн Дэлсет, хөтөлбөр боловсруулагч Тибу Брак нар ажилласан. Нийт зургаан шүүгчийн дөрөв нь монгол, хоёр нь гадаад хүмүүс бий.


-Наадмын онцлох бүтээлүүдээс дурдаж болох уу?


-Хамгийн түрүүнд “Хар санаа үгүй” гэж Иран найруулагчийн киног онцлог бүтээл болсон байх гэж бодож байгаа. Берлиний кино наадмын “Алтан баавгай”-г хүртсэн бүтээл шүү дээ. Тиймээс ч кино сонирхогчдын дунд хүлээлт хэдийн үүсчихсэн гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн энэ жил Франц улс онцлох орноор шалгарсан. Гурван  Франц кино үзүүлэхээр болсны нэг нь хүүхдийнх, хоёр нь уран сайхны кино бий.


Нөгөөтээгүүр кино бол өөрийн гэсэн цогц хэллэгтэй, найруулагчийн дүрсээр зурсан уран зураг гэж боддог. Тэр ч утгаар Тайвань найруулагчийн “Өдрүүд”  киног Берлиний кино наадам дээр үзчихээд Монголд авчирч үзэгчдэдээ сонирхуулъя гэж шийдсэн. Үзэгчийн ёс суртахуун, тэвчээрийг жинхэнэ утгаар нь сорьж чадах “удаан жанр”-ын бүтээл. Энэ мэтчилэн олон сайхан онцлох бүтээлүүд “Улаанбаатар” олон улсын кино наадмаар үзэгчдэд хүрнэ.


-ИРЭХ ЖИЛИЙН КИНО НААДМЫН ХҮРЭЭНД АЗИЙН БҮСИЙН ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ БАЙНА.



-“Ирж яваа цаг” кино форум, “Авдраа уудал” найруулагчийн ур чадварын сургалт зэргийг зохион байгуулахаар болсон. “Авдраа уудал” сургалт хэдийн ажил хэрэг болоод эхэлчихсэн байгаа. Харин өмнө нь кино форумд гаднаас зочид урьдаг байсан. Тус уламжлал энэ жил алдагдсан болов уу?


-Энэ жил зочид ирэх боломж байсангүй. Тиймээс кино наадмын форумыг цахим хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөсөн. Цаг хугацааны хувьд  Европын цагтай тааруулж үдээс хойш буюу 4-өөс 6 цагийн хооронд явуулахаар болсон.


-Ямар сэдвийн хүрээнд зохион байгуулах вэ?


-Үндсэн хоёр сэдвийг хамрах болно. Нэгдүгээр сэдэв “Covid-19” цар тахал кино урлагийн салбарт хэрхэн нөлөөлөв гэдгийг онцлон дүгнэнэ. Үүнд найруулагч, продюсер буюу кино баг, уран бүтээлчид хамрагдана. Кино хийхэд хувь уран бүтээлчдэд ямар бэрхшээл тулгарсан талаар болон кино наадамд урьдчилан хараагүй ямар саад учирсан бэ зэргийг авч хэлэлцэх юм. Мэдээж Монголын кино өнөөгийн байдлын талаарх мэдээллийг холбогдох яам, байгууллагаас авч бусдадаа тарааж түгээснээр тодорхой үр дүнд хүрсэн яриа үүсгэнэ.


-Тэгвэл дараагийн сэдэв нь олон улс руу чиглэгдсэн байх болов уу?


-Монголын Урлагийн Зөвлөл нь Швейцарын “Локарно” кино наадамтай хамтран ажиллах болоод гурван жил болжээ. Тэд 2019-2021 оны “Нээлттэй хаалга” хөтөлбөртөө Монгол Улсыг онцлох орон болгон зарласан. Үүнийг уран бүтээлчид маань сайн мэдэж байгаа. Харин энэхүү хөтөлбөр ирэх жил явагдаад дуусах юм. Энэ жил тус хөтөлбөрийн гурван том шагналыг монголчууд авсан. Найруулагч П.Лхагвадулам, продюсер Ц.Ариунаа нар “ZE” төслөөрөө амжилттай оролцож, Каннын кино наадмын богино хэмжээний уралдаант хэсэгт шалгарсан бол продюсер С.Уран “Локарно”-гийн “Нээлттэй хаалга” хөтөлбөрөөс мөн шагнал авч дараагийн хөтөлбөрт оролцох эрхтэй болсон. Тийм ч учраас форумыг энэ сэдвийн хүрээнд хийнэ. Ирэх онд Локарногийн “Нээлттэй хаалга” хөтөлбөрийн Азийн бүсийн хурлыг Монголд хийх саналыг судалж байна. Тиймээс ч бид Швейцарын Хөгжлийн Агентлаг, Монголоос Швейцарт суугаа элчин сайд Л.Пүрэвсүрэн нартай хамтран ажиллах зэрэг ажлыг цаашид зохион байгуулахаар төлөвлөж байгаа.


-Харин энэ жилийн хувьд...


-Энэ онд “Локарно” наадмын “Нээлттэй хаалга” хөтөлбөр нь уран бүтээлчдэд зориулсан цахим платформ буюу цахим гарын авлагыг шинээр нээн хүмүүст хүргэж байгаа. Тус цахим платформыг “Улаанбаатар” олон улсын кино наадмын “Ирж яваа цаг” форумын үеэр уран бүтээлчдэд хүргэхээр зорьж байгаа. Мөнхүү нэн шаардлагатай мэдээ мэдээллийг нь монгол хэл рүү орчуулах ба тус цахим платформ нь хүн бүрд нээлттэй байх юм.


-“Авдраа уудал” залуу найруулагчийг чадавхжуулах сургалтын хичээлийг найруулагч С.Бямба өөрөө удирдан зааж байгаа гэсэн. Тиймдээ ч энэхүү сургалтын үр дүнд чанартай уран бүтээлүүд төрөн гарах болов уу гэж кино сонирхогч нар харж байгаа. Тус сургалтын талаар тодруулбал?


-Уг сургалт нь кино наадмын өргөжүүлсэн хөтөлбөр байгаа юм. “Авдраа уудал” сургалтыг наадмын өмнө буюу өнгөрсөн сарын 20 –ноос залуу найруулагчдын чадавхыг дээшлүүлэх зорилгоор эхлүүлсэн.  Сонгон шалгарсан найруулагчид сургалтын хүрээнд 5 богино хэмжээний киног бүтээж 11 сарын сүүлээр танилцуулна. Найруулагч С.Бямба болон олон улсын найруулагчид цахим хэлбэрээр сургалт орж буй учир сургалт үр дүнтэй болно хэмээн итгэж байгаа.


-“ТОНИ ЭРДМАНН”-ЫГ ҮЗСЭНИЙ ДАРАА УЙЛСААР БАЙГААД ШАГНАЛ ГАРДУУЛАХАА МАРТАЖ БИЛЭЭ”




-Аливаа ажлыг зохиох бүрт ямар нэгэн саад тулгардаг шүү дээ. Энэ жилийн кино наадмыг зохион байгуулахад хүндрэлтэй зүйл гарч байв уу?


-Энэ онд гарсан тахлын аюул нь урлагийн салбарт гэнэтийн бөгөөд хүчтэй цохилт болсон. Улсын төсвөөс соёл урлагт зориулах мөнгийг “тэвчих зардал”-д оруулсан. Бусад хөрөнгийг зайлшгүй хэрэгцээтэй салбарууд уруу татсан. Нөгөөтээгүүр “Соёл урлагийн сан” тэтгэлэгт хөтөлбөрөө зогсоож, чөлөөт уран бүтээлчид дэмжлэггүй үлдсэн. Харин төсвийн цалинтай хэсэг нь ажлаа хийж тодорхой хэмжээнд цалингаа авч байсан. Яг ийм хүндхэн нөхцөлд зогсонги байдалд оролгүйгээр олон улсын кино наадам зохиогдож байна. Цар тахлыг дотроо алдаагүй нь сайнаар нөлөөлсөн. Театртаа очиж кино үзэх боломжоор дүүрэн байна. Бид их азтай хүмүүс шүү. Тиймээс ч аливаа хүндрэл, зарим нэг саадыг тоочиж суугаад яахав дээ. Цааш цаашдаа илүү сайхан болно гэдэгт найдаж байгаа.


-Ярилцлагын эхэнд та дэлхийн кино наадмууд уран бүтээлийг цахим хэлбэрээр хүмүүст үзүүлэх болсон гэж ярьсан. Манайд энэ төрлийн үйлчилгээг хүргэх боломжтой юу?


-Киногоо цахим хэлбэрээр хүмүүст хүргэж буй орнуудад төлбөрийн систем нь өндөр хөгжчихсөн байдаг. Манайд бол эрсдэл өндөр. Учир нь кино наадмын бүтээлүүд маш том хамгаалалттай ирдэг. Цааш нь киногоо алдагдуулахгүй тулд шүү дээ. Иймээс цахимаар үзүүлэхэд эрсдэл өндөр.


-Та олон улсын кино наадамд зочилж байсан хүн. Манай оронд болж буй кино наадмаас ялгарах онцлог хэр олон байна вэ?


-Манай наадам хэдийгээр цомхон ч зохион байгуулагдаж буй хэлбэр нь яг л адилхан.


-Нийгмийг ёс суртахуунлаг болгож байгаа цөөн зүйлсийн нэг нь соёл урлаг гэж хардаг. Тэгэхээр таны хувьд олон жил “Улаанбаатар” олон улсын кино наадмыг хамтран зохион байгуулсан хүний хувьд кинонд хандах үзэгчдийн ойлголт хэр өөрчлөгдсөн гэж дүгнэдэг вэ?


-Зохион байгуулагчийн хувьд харж байхад үзэгчийн тоо жилээс жилд нэмэгддэг. Анх бид 378 хүний суудалтай танхимд кино гаргах үед 150-аас 160 билет л зарагддаг байсан. Гэтэл өнгөрсөн жилүүдээс эхлээд киноноосоо хамаараад заал дүүрэх тохиолдол бас гарсан.


-Кино наадмын монгол киноны уралдаант хэсгийн шилдгүүдэд хүрдэг “Хангарьд” цомыг хэн урладаг вэ?


-Хоёр жилийн өмнө Якутскт болсон “Мөсөн болон цасан хөшөөний олон улсын уралдаан”-ны тэргүүн байрт шалгарсан сийлбэрч Ц.Батмөнх гэж залуу урласан. Хотын сүлдэд заларсан Хангарьд шувууны дүрслэлийг илүү эрч хүчтэй болгож өгөхийг санал болгосон. Бусад нь бол цэвэр уран бүтээлчийн өөрийнх нь ур шингэсэн цом байгаа.


-Хүн бүрт л дотроос нь салж өгдөггүй, бодохын төдийд дэргэдээс нь ургачихдаг дурсамж байдаг. “Улаанбаатар” кино наадамтай холбоотой нандин дурсамжаасаа хуваалцахгүй юу?


-Тус кино наадмыг олон жилийн өмнө Монголын Урлагийн Зөвлөл зохион байгуулахаас эхлээд л би хамт байсан. Наадмын хүрээнд гаргаж буй бүтээл бүрийг кино театрт үзсэнээр зохион байгуулагч биш үзэгч болж хувирдаг. Бахархах, инээх, уйлах, үзэн ядах гээд янз бүрийн мэдрэмжийг хүртэж, дараа нь театраас гарчихаад киногоо бодсоор алхдаг. Үзсэний хойно сэтгэлээс амархан арчигдаж алга болдоггүй тийм кинонд их дуртай. Кино наадам ихэнхдээ л 10 дугаар сард болдог. Миний төрсөн өдөр ч бас энэ сард тохиодог учраас ой тойноос гарамгүй олон сайхан учрал, дурсамжууд тус наадамтай холбогдсон байгаа. Дөрвөн жилийн өмнө л гэхэд би “Тони Эрдманн” -ыг үзчихээд асгартал уйлж билээ. Уг нь киноны төгсгөлд үзэгчдийн нэрэмжит шагналаа гардуулж наадмын хаалтыг албан ёсоор хийх байсан ч уйлсаар байгаад өөр хүнээр хийлгэсэн. /инээв/


-Цаашид кино наадмыг илүү сайжруулж, цар хүрээг нь өргөжүүлэх тал дээр ямар төлөвлөгөөтэй байна вэ?


- Хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шаардлагатай байна.


-Ямар газартай тэр вэ?


-Олон л газартай хамтын ажиллагаа өргөжүүлэх шаардлага тулгардаг. Түүнчлэн Төрийн зүгээс дэмжлэг туслалцаа авснаар кино наадмын цар хүрээг тэлэх боломжтой гэж боддог. Ер нь бол ганцхан удаа хийгээд хаячихдаг үйл ажиллагааг наадам гэж хэлдэггүй. Хүнээр яривал олон улсын энэхүү кино наадам чинь “амьд организм” гэдгийг ойлгох хэрэгтэй. Цаашид өргөжиж, дэвжих шаардлагатай. Арт хаус буюу өвөрмөц хийцтэй, найруулагчийн тамгатай, гүн утга агуулгатай киног наадмын хүрээнд үзсэнээр өдөр ч, шөнө ч чамайг догдлуулж, нэг бол ганцаардуулж чадна. Ямар ч байсан тэр бүхэн нь өмнө аваагүй мэдрэмжийг хүнд бэлэглэдэг. Яг л тийм үзэгчдийн дотоод сэтгэл рүү өнгийж чадах кинонуудыг бид бэлдсэн байгаа.


 Гэрэл зургийг | Н.Батбаяр
Холбоотой мэдээ