Өсвөр насны охидын дунд сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Олон улсын “Охидын эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн өсвөр насны ахлах 9-11 дүгээр ангийн охидод зориулан “Аз жаргалын үндэс” сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулав.
Уг үйл ажиллагааг Дархан-Уул аймгийн ЗДТГ, аймгийн Цагдаагийн газар, Боловсрол соёл, урлагийн газар, Эрүүл мэндийн газар, Хүний эрхийн үндэсний комиссын Дархан-Уул аймаг дахь ажлын баг, Дарханы Нэгдсэн мэтгэлцээний танхим, Дархан сумын ЗДТГ хамтран зохион байгууллаа.
Тус сургалт, хэлэлцүүлгээр Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэнд нөхөн үржихүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, өөртөө итгэх итгэл, харилцааны анхан шатны зөвлөмжийг хүргэх, охидын манлайлах, удирдах чадварыг дээшлүүлэх, цаашид нийгмийн хөгжилд охидыг манлайлан оруулах хамтын ажлын чиг баримжааг олгох, тэднийг чадавхжуулах, тэдэнд тулгамдаж буй асуудалд анхаарлаа хандуулах, тэдний санал бодол, дуу хоолойг сонсох зорилгоор 250 гаруй ахлах ангийн охидын төлөөллийг оролцуулсан байна.
Ташрамд дурдахад: 2012 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг “Олон улсын охидын өдөр” буюу “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэн ирсэн. Энэ өдрийн гол зорилго нь охидод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах, тэдэнд боловсрол эзэмшүүлэхэд анхаарлаа хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд оршдог байна.