Гамшгийн эрсдэлийн удирдлага гэж юу вэ?

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2020-10-13 15:39:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гамшгийн эрсдэлийн тухай ярихын тулд эхлээд гамшиг гэж юу вэ гэдгийг  зөв тодорхойлох ёстой болов уу. Тэгвэл “гамшиг“ гэж “аюулт үзэгдэл, ослын улмаас олон хүний амь нас, эрүүл мэнд хохирох, мал, амьтан олноор хорогдох, эд хөрөнгө, түүх, соёлын дурсгалт зүйл, хүрээлэн байгаа орчинд улс болон орон нутгийн эдийн засаг, нийгмийн дотоод нөөц, боломжоос давсан хохирол” хэмээн Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хуульд тодорхойлжээ. Энд багтсан “аюулт үзэгдэл” гэснийг “хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, аянга, газар хөдлөлт, нуранги, хөрсний гулгалт үүсэх, гал түймэр, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин гарах, цар тахал, хортон шавж, мэрэгч тархах” гэж нарийвчилсан байх юм. 


Гамшгийн эргэн тойронд дээрхээс гадна эрсдэл, эрсдэлийн үнэлгээ, эрсдэлийг бууруулах гээд олон төрлийн ойлголтууд гарч ирэх юм. Нэгээсээ урган гардаг хоорондоо нарийн уялдаа холбоотой аж.


Болзошгүй хохирлын хэмжээг багасгах, гамшгийг хохирол багатай даван туулах чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг “гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа” гэж нэрлэдэг байна. Эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэх зорилготой  НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг бүх нийтээр жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдөр тэмдэглэх болжээ.


Дэлхий нийтээр энэ өдрийг “Гамшгийн эрсдэлийн удирдлага уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна гэж ОБЕГ-ын сайтад мэдээлжээ. Энэ өдрийн хүрээнд төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагууд гамшигт тэсвэртэй дэд бүтцийн ач холбогдлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгын хүрээнд Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль сурталчлах чиглэлээр иргэд, олон нийтийн дунд сургалт дадлага зохион байна. Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд төлөвлөх ёстой.Гамшгаас хамгаалах тухай хуульд “төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй байна. Уг төлөвлөгөө нь урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох, хүмүүнлэгийн тусламжийн зохион байгуулах удирдлагын баримт бичиг байна” гэж заажээ.


Төлөвлөгөө боловсруулах ажлыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг гүйцэтгэнэ. Ажлын хэсэгт онцгой байдлын байгууллага, ЗДТГ, төлөвлөгөөг хамтран хэрэгжүүлэх алба, мэргэжлийн анги хуулийн этгээд, сайн дурынхан, иргэдийн төлөөлөл орно. Онцгой байдлын газар, хэлтэс нь төлөвлөгөө боловсруулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлнэ. Төлөвлөгөөг тухайн орон нутгийн гамшгийн эрсдэлийн тойм судалгаа, эрсдэлийн үнэлгээн дээр тулгуурлан боловсруулна гэж гамшгийн эрсдэлийн төлөвлөгөө боловсруулах удирдамжид дурджээ.


Үүссэн нөхцөл байдал, үйл явдлыг зангидах, зөв оновчтой зохион байгуулах, хамгийн бага зардал, богино хугацаанд даван туулах хамтын ажиллагааг  “гамшгийн эрсдэлийн удирдлага” гэж ойлгож болох юм байна.

Холбоотой мэдээ