Шилүүстэй сум жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-10-14 18:36:49

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Шилүүстэй суманд шинэ бүтээн байгуулалтууд хийхэд сумын иргэдээ түр ажлын байраар хангаж цалинжуулжээ. Тухайлбал олон нийтийн оролцоот арга хэмжээнд гэхэд 35 түр ажлын байр бий болгож иргэдийг цалинжуулж ажиллуулсан байна.

Мөн хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих зорилтын хүрээнд 10 хүнтэй оёдлын цех, ногооны нөхөрлөл,  сүү цагаан идээ боловсруулах хоёр бүлэгт шаардлагатай тоног төхөөрөмжүүд өгснөөр ажлын байр нэмэгдлээ. Нэхий, арьс шир элдэх 7.2 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг нэг бүлэгт өгснөөр дөрвөн хүнийг ажлын байраар хангаж, хөдөөд үнэгүйддэг байсан хаягдал нэхий үнэд орж байна.


Сумандаа блок, барилгын материалын цехэд сум хөгжүүлэх сангаас дэмжлэг үзүүлснээр 10 орчим хүний ажлын байр нэмэгдээд байгаа. Ер нь орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх сангийн зээл жинхэнэ эздэдээ очиход маш их үр дүн өгдөг. Олон ажлын байр гарч ажилгүйдэл суманд буурч байгаа. 2015-2016 онд сум хөгжүүлэх сан 2.5 сая төгрөгтэй, зээлийн хугацаа хэтрэлт нийт зээлийн 80 орчим хувьтай байсан. Харин олон удаа мэдэгдэх хуудас өгч, заримыг нь шүүхэд хандсанаар тодорхой хэмжээний эргэн төлөлтүүд хийгдсэн. 2016-2020 онд сумын ЗДТГ-аас зээлийн сангийн журамд төсөл сонгон шалгаруулах зөвлөл өөрчлөлт хийсэн. Суманд  жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа жинхэнэ иргэн болон бүлгүүдэд зээл олгож эхэлсэн. Барилгын материалын төсөлд хоёр дахь удаагаа зээл олгосон ч хөрөнгө нь хангалттай байж чадахгүй л байна. Гэсэн хэдий ч зээлийн эргэн төлөлт сайн байвал юм хийх сэтгэлтэй хүмүүсийн төслийг ханатал нь дэмжмээр байдаг гэж Шилүүстэй сумын Засаг дарга Д.Алтанжаргал ярилаа. 

Шилүүстэй сум жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжиж байна

Тус сум жил бүр орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлэх ажлын талаарх саналыг иргэдээсээ авдаг байна.

Иргэдээс ирсэн саналуудад нэлээд дээгүүр эрэмбэлэгддэг нэг санал бол өвөлжөөний хашаагаа засаж сайжруулахад дэмжлэг үзүүлэх ажил юм. Энэ ажлыг  бид жил бүр хийж байна. Тухайлбал 2017 онд татвараас давсан орлогоор 46  малчин өрх,  2018 онд 30 малчин өрх, 2019 онд  40 малчин өрхийн өвөлжөөний хашаа саравчийг засаж сайжрууллаа. Түүнчлэн малчдаас ирүүлдэг нэг чухал санал нь хуц ухнын чанарыг сайжруулах хүсэлт юм. Энэ хүсэлтийн дагуу Дөрвөлжин сумаас ухна ишиг нийлүүлэх ажлыг сүүлийн хоёр жил хийлээ. Малын чанарт ахиц гарсан. Зуншлага сайн байснаас малчдын мал сүргийн тоо өсөж, 200 гаруй мянган толгой малтай боллоо. Энэ нь малчдын мал маллах арга ажиллагаа, өвлийн бэлтгэлийг хамтран үр дүнтэй хэрэгжүүлсэн. Малын үүлдэр угсааг сайжруулах шат дараалсан арга хэмжээг тухай бүр хийсний үр дүн юм. Энэ өвлийн бэлтгэл ажлыг малчидтайгаа хамтран зохион байгуулж байна гэж сумын ЗДТГ-аас мэдээлэв.  

Холбоотой мэдээ