Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал буюу зугтах аргагүй бодит шинэчлэл
ТОЙМУлаанбаатар /МОНЦАМЭ/.
-Дэлхийн эдийн засгийн чуулганыг үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Клаус Швабын "Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал" номоос онцлон тэмдэглэх нь-
[Номын эхэнд зохиогч Клаус Шваб хүн төрөлхтний амьдралыг бүхэлд нь хамарч буй нүсэр далайцтай шинэ хувьсгалд Монгол Улсын оролцоо ч чухал болохыг тэмдэглээд, уг номыг монгол хэлнээ орчуулан хэвлүүлсэн "Хөгжлийн Төлөөх Тамир Сан"-гийн Үүсгэн байгуулагч Э.Тамир, орчуулагч С.Мандухай тэргүүтэй багийнханд талархал илэрхийлжээ]
Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал эхэлсэн эсэх дээр эрдэмтэн мэргэжилтнүүдийн санал хоёр хуваагддаг. Нэг хэсэг нь технологийн үсрэнгүй хөгжлөөр өдөөгдсөн энэхүү хувьсгалыг компьютерийн үеийн буюу гуравдугаар хувьсгалын үргэлжлэл гэж үздэг бол нөгөө хэсэг нь хүн төрөлхтний өмнө цоо шинэ түүхийн хуудас нээгдэж байгааг хэлдэг. Өмнөх гурван хувьсгалтай харьцуулбал өргөн цар хүрээг хамарч, маш хурдацтай тархаж байгаа, мөн эдийн засаг, бизнес, нийгмийн салбаруудад төдийгүй хувь хүний амьдралд ч урьд хожид үзэгдээгүй олон суурь шилжилтийг бий болгож байгаагаас харахад аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал эхэлсэнд бат итгэлтэй байгаагаа Клаус Шваб бичжээ.
XVIII зууны хоёрдугаар хагасаас эхлэн аж үйлдвэрийн хэд хэдэн хувьсгал цувран өрнөсөн нь хүний хүчийг техникээр орлуулсан шинжтэй байсан. Харин одоо хүний оюун ухааныг техникээр орлуулах аж үйлдвэрийн шинэ хувьсгал ирлээ. Эл хувьсгалыг хөдөлгөөнт интернет, бичил боловч илүү чадалтай мэдрэгчүүд, хиймэл оюун ухаанд суурилсан хямд төсөр технологийн дэвшлээр ерөнхийд нь тодорхойлж болох ч энэ нь таны бодсоноос ч илүү өргөн хүрээг хамарна. Учир нь шинэ хувьсгалаас мэндэлсэн технологиуд болон инновацууд нэг нэгнээ өдөөн улам гүнзгийрүүлэн хөгжүүлдэг онцлогтой бөгөөд тэр хөгжил хаа хүрэхийг таашгүй.
Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал хүн төрөлхтөнд асар их шинэ боломжийг авчрах ч яг ижил хэмжээний асуудал, эрсдэлийг ч мөн дагуулна. Түүнд бэлэн биш байна гээд зугтаж зайлах боломжгүй. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хүн төрөлхтөнд нүүрлээд буй хүндхэн сорилтуудыг даван туулахад тусална. Гагцхүү энэ хувьсгалын сөрөг тал, тэр тусмаа тэгш бус байдал, хөдөлмөрийн зах зээлд үзүүлэх нөлөөг удирдан залж, инновацын тархалтыг хяналтаас алдах эрсдэлээс хамгаалах нь чухал гэдгийг зохиогч номын туршид сануулжээ.
Хувьсгалыг үүсгэгч технологиудаас онцлох нь
Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалыг илэрхийлэх технологиудыг Клаус Шваб эд зүйлсийн, дижитал, биологийн гэсэн гурван салбарт багцлан ангилжээ. Эд зүйлсийн буюу хүний нүдэнд илэрхий харагдах технологийн жишээнд өөрөө зорчих тээврийн хэрэгсэл, 3 хэмжээст хэвлэл, дэвшилтэт роботууд, шинэ төрлийн материалууд зэрэг багтана. Дижитал технологиудын жишээгээр блокчейн технологиор үүсгэгдсэн биткойн буюу дижитал валют, худалдан авагч нийлүүлэгчдийг холбосон цахим платформуудыг нэрлэж болно.
Биологийн салбарын инновацууд, тэр дундаа генетикийн салбарын хөгжлийг гайхан бишрэхгүй байхын аргагүй тул энэ хэсэг илүү анхаарал татав. Сүүлийн жилүүдэд уг салбарт олон ахиц дэвшил гарч хүний генийг засварлах боломжийг бүтээгээд байна. Өөрөөр хэлбэл тодорхой төрх байдалтай, өвчнийг эсэргүүцэгч гентэй зохиомол хүүхдүүд төрөх боломжтой болжээ. Тооцооллын хүчин чадал хөгжсөний ачаар хүний онцлох генийн өөрчлөлт нь тодорхой шинж чанарт нөлөөлж, өвчлөл үүсгэж байгаа эсэхийг шинжлэх боломжийг нээсэн. Мөн синтетик биологи буюу ДНК-г бичих замаар эд эрхтнүүдийг тодорхой зорилгод нийцүүлэн өөрчлөх боломжтой болсон. Цаашлаад их өгөгдлийн шинжилгээний тусламжтайгаар өвчтөнд тусгайлан зориулсан эмчилгээний хамгийн үр дүнтэй хувилбарыг тооцоолдог супер системийг ч зохион бүтээгээд байна. Биологийн салбарт шинэ хувьсгал лавшрахын хэрээр түүнээс урган гарах нийгэм, эрүүл мэнд, ёс зүй болон сэтгэл зүйн асуудлуудыг анхааралдаа авах хэрэгтэй болж байгаа юм.
Шинэ хувьсгал хэнд хамгийн их ашиг авчрах вэ?
Нийгмийн тэгш бус байдлыг улам даамжруулж байгаа нь аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын гол аюул. Хүмүүсийг технологийн хэрэглэгч эсвэл үйлдвэрлэгч гэх хоёр бүлэгт хувааж болно. Хэрэглэгчид илүү хожоотой мэт уг хувьсгалын үр дүнд олон шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ виртуал хэлбэрт шилжсэнээр үйлдвэрийн зардал буурч байна. Гэвч энэ нь хүний хөдөлмөрийг томоохон бэрхшээлд оруулж байгаа юм. Компаниуд хөдөлмөрийг капиталаар орлуулах болсноор улс орнуудын ДНБ-д эзлэх хөдөлмөрийн хувь унасаар байна. Өөрөөр хэлбэл хүмүүс эргээд зохион бүтээсэн технологийнхоо боол нь болох хэтийн дүр зураг ажиглагдана. Шинэ хувьсгалаас хамгийн их ашиг хүртэгчид нь оюуны өмчийн болон биет өмчөөр хөрөнгө оруулагчид, инновацыг санаачлагчид, хувьцаа эзэмшигчид болж байна. Ингэж ажилчид болон хөрөнгийн эздийн хооронд баялгийн асар том ялгаа гарч, тэгш бус байдал улам лавширна. Дижитал технологид суурилсан бизнесүүд нь худалдан авагч ба нийлүүлэгчийг учруулах зуучийн сүлжээ байгуулж, платформын нөлөөгөөр ашиг орлогоо үлэмж нэмэгдүүлж байгаа нь технологийн өгөөжийг цөөнхийн гарт төвлөрүүлэх аюултай. Хэвлэлийн стратегич Том Гүдвин нэгэн нийтлэлдээ “Дэлхийн хамгийн том такси үйлчилгээний компани Uber нэг ч тээврийн хэрэгсэлгүй, хамгийн алдартай олон нийтийн сүлжээний компани Facebook нэг ч контентгүй. Дэлхийд өндөр үнэлгээтэй жижиглэн худалдааны Alibaba компани нэг ч бараагүй. Дэлхийн хамгийн том орон байрны хангамжийн компани нэг ч үл хөдлөх эзэмшдэггүй” хэмээн онцолсон байдаг. Технологийн дэвшлийг ашиглан бусдын хөрөнгөөр хөрөнгөжиж байгаа нь нэг талаас шударга бус мэт боловч энэ нь бидний амьдралыг ямар их хялбарчилж байгааг мартаж болохгүй юм.
Та автоматжуулах эрсдэлтэй хөдөлмөр эрхэлдэг үү?
Технологи хөгжихийн хэрээр хүмүүс ажлын байраа алдана гэсэн таамгийг эрдэмтэд 100 жилийн өмнө дэвшүүлж байсан нь биеллээ олсон. Өнгөрсөн хэдэн жилийн туршид олон ажлын байр, тэр дотор нярав, мөнгө тоологч болон харилцуур утасны операторын хөдөлмөрийг автоматжуулсан нь үүний тод жишээ юм. Шинэ технологиуд бүх салбарын ажил мэргэжлийн мөн чанарыг нэг мөсөн өөрчлөх нь тодорхой. Харин автоматжуулалт нийт хөдөлмөрийн хэдэн хувийг хамрах нь тодорхойгүй байна. Энэ тархалт зорьсон цэгтээ хүрэх хүртлээ замдаа тааралдсан бүхийг автоматжуулах бөгөөд зогсох уу, хязгааргүй үргэлжлэх үү гэдгийг ч тааварлах боломжгүй.
Оксфордын Мартины сургуулийн судлаач Карл Бенедикт Фрей болон Майкл Осборн нар автоматжуулах эрсдэл хамгийн их болон бага 702 мэргэжлийг эрэмбэлжээ. Ингэхдээ автоматжуулах эрсдэл хамгийн багатай мэргэжлийг “0” рүү, хамгийн өндөр эрсдэлтэй мэргэжлийг “1” рүү тэмүүлнэ хэмээн тэмдэглэсэн байна.
Автоматжуулах эрсдэл хамгийн өндөр мэргэжлүүд
Автоматжуулах эрсдэл хамгийн бага мэргэжлүүд
Ойрын ирээдүйд автоматжих магадлал багатай мэргэжлүүд нь шийдвэр гаргах, эсвэл шинэлэг санааг хөгжүүлэх, бүтээлч чадваруудыг шаардсан нийтлэг шинж чанартай байна. Гэвч хамгийн бүтээлч хөдөлмөрт зүй ёсоор тооцогдох зохиолчийн ажлыг ч технологиор орлуулах боломжтойг New York Times сэтгүүлийн хийсэн нэгэн сорил харуулжээ. Тэд алгоритмаар бичсэн нийтлэл болон сэтгүүлчийн бичсэн нийтлэлийг уншигчдад толилуулахад ямар ч ялгаагүй байна гэсэн дүн гарсан нь сэтгүүлч надад нэгийг бодогдуулав.
Бид хаана нь яваа бол?
Монгол Улсын Засгийн газраас 2018 онд баталсан Гурван тулгуурт хөгжлийн бодлогод аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалыг эхлүүлэх суурийг тавих зорилт дэвшүүлсэн. Манай улсын 330 сум өндөр хурдны шилэн кабелийн сүлжээнд холбогдсон бөгөөд харилцаа холбооны салбарын дэд бүтэц аж үйлдвэрийн шинэ хувьсгалд бэлэн болсон гэдэг ч эл хувьсгалын үр шимийг хүртэхэд шинжлэх ухаан, технологийн салбарын мэргэжилтнүүдийн үүрэг оролцоо болон бусад салбарын хамтын ажиллагаа сул байгааг мэргэжилтнүүд хэлдэг. Улс орнууд дунджаар ДНБ-ийхээ 3.0 хувийг шинжлэх ухааны салбартаа зарцуулж байхад манай улс дөнгөж 0.1 хувийг зарцуулж байна. Хэдийгээр төрийн чармайлт хангалтгүй байгаа ч технологийг хөгжүүлэгч дотоодын компаниудын тоо нэмэгдэж, тэдний зохион бүтээж буй технологиуд амжилттай хэрэглээнд нэвтэрч байна. Хэдхэн хоногийн өмнө зохион байгуулагдсан “ICT Expo”-ийн үеэр анхны ярилцлагаа хийсэн Монголын анхны хиймэл оюун ухаант хөтлөгч бүсгүй “Марал”, хүний дуу авиаг бичвэрт хөрвүүлэгч “Чимэгэ” технологи зэргээс харахад дэлхийн хөгжлөөс бас ч хоцорчихоогүй мэт. Технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж буй томоохон компаниудад монгол инженерүүд ажиллаж байна гэх сураг сүүлийн үед их дуулдах болсон. Нэг бодлын бахархмаар ч нөгөө талаар уураг тархиа гадагшаа урсгаснаас болж “хохирсон” орнуудын жишээг давтах вий гэх айдас байгааг тэмдэглэмээр.
Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал хөгжиж буй орнуудыг зайлшгүй дайрах болно. Харин тэд шинэ хувьсгалын боломжуудыг ашиглах эсэх, тэглээ гэхэд хэрхэн гэдгээ сайтар тунгаан боловсруулж, хэрэгжүүлэх нь чухал гэдгийг Клаус Шваб тэмдэглэжээ. Улс орон бүрт тэгш боломжийг олгож буй энэ хувьсгалыг өөрт ашигтайгаар эргүүлэх үү, эсвэл бусдаас хоцрон ард нь үлдэх үү гэдэг эгзэгтэй үе ирсэн мэт.
Гэрэл зургийн эх сурвалж: snob.ru