У.Хүрэлсүх: Уул уурхайн олборлолтоос боловсруулалтын үе рүү шилжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-10-20 16:55:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндэсний геологийн алба, Ашигт малтмал, газрын тосны газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ажилтай өнөөдөр танилцлаа. Энэ үеэр тэрбээр “Монгол Улс уул уурхайн олборлолтоос боловсруулалтын үе рүү, нийгмийн халамжаас хөдөлмөрийн үе рүү шилжих зарчим баримтална. Арьс шир, ган, зэс, газрын тос, нүүрс боловсруулах үйлдвэр байгуулж, ажлын байр бий болгон, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн боловсруулж, олон тулгуурт эдийн засгийн өсөлт бий болгоно” гэдгийг онцлов.

УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал геологи, уул уурхай, газрын тосны салбарын өнөөгийн байдал, Засгийн газрын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт тусгасан ажил болон урт хугацааны төлөвлөгөөг танилцуулав. Тэрбээр “Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн салбар Монгол Улсын ДНБ-ий 18, аж үйлдвэрийн салбарын 68, гадаадын хөрөнгө оруулалтын 73, экспортын 94 хувийг бүрдүүлдэг чухал ач холбогдолтой. Улсын төсөвт 7,3 их наяд төгрөг төвлөрүүлсэн. Экспортын 94 хувийг нүүрс, зэсийн баяжмал, алт, газрын тос, төмрийн хүдэр бүрдүүлдэг. Уул уурхайн талаар ярихын тулд геологийн судалгааг орхиж болохгүй. 1959-2008 онд геологийн 11 цогц судалгаа хийснээр “Оюутолгой”-г, 1957-1993 онд 14 судалгаа хийсний дүнд “Эрдэнэс Тавантолгой”-н ордыг илрүүлэн ашиглаж өнгөрсөн онд нэг тэрбум давсан орлого оллоо. Геологийн судалгааг олон жил үргэлжлүүлэн хийж орд газрыг илрүүлдэг тул ирэх дөрвөн жилд энэ чиглэлийн судалгааны төсвийг нэмсэн” гээд экспортод голлох үүрэгтэй таван бүтээгдэхүүний талаар мэдээлэв.

Нүүрс

Монгол Улс одоогоор 21,2 сая тонн нүүрс экспортод гаргаж, 1,6 тэрбум ам.долларын орлого олжээ. Үүний дөнгөж 13,7 хувь нь нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн. Иймд нүүрсээ түүхийгээр нь экспортлохоос илүү боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн хийхийн тулд үйлдвэр барьж, 2024 онд нийт 50 сая тонн нүүрс экспортолж, баяжуулсан бүтээгдэхүүнийг 30 хувьд хүргэхийг салбарын яам зорьжээ. Ингэснээр 4,5 тэрбум ам.доллар олох боломжтой аж.


Алт

Алтны 548 тусгай зөвшөөрөл хүчинтэй. Үүний 21 хувь нь үндсэн орд бөгөөд нийт нөөцийн 90 гаруй хувийг бүрдүүлдэг. Энэ жилийн хувьд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас алтны үнэ өсөж 1908 ам.долларт хүрсэн. Ирэх дөрвөн жилд алтны үнэ өсөх магадлалтай, үгүй гэхэд энэ хэвээр байна гэж тооцоолж байгаа. “Алт 2” хөтөлбөрийн хүрээнд алт олборлодог аж ахуйн нэгжүүдэд 107 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Энэ онд нэг тэрбум ам.долларын босго давсан ашиг олоод байгаа бөгөөд цаашид алтны хайгуулаа эрчимжүүлэхийг зорьж байна.


Зэс

Монгол Улс “Эрдэнэт”, “Оюутолгой”-н ордоосоо жилд нэг сая тонн зэс, 6,2 мянган тонн катодын зэс олборлон экспортолж, зэсээс 1,2 тэрбум, катодын зэсээс 30 сая ам.доллар олдог. Зэсийн баяжмалаа нэмүү өртөг шингэсэн цэвэр зэс болгох, цэвэр зэсээр бүтээгдэхүүн хийдэг дагах үйлдвэрүүд бий болгох төлөвлөгөөтэй байгаа. Үйлдвэр ашиглалтад оруулснаар 2024 он гэхэд зэсийн баяжмалаа 2470 мянган тоннд хүргэж 2,7 тэрбум ам.доллар, катодын зэсээ 152 мянган тоннд хүргэж нэг тэрбум ам.долларын ашиг олох боломжтой гэж төсөөлж байна.


Хар төмөрлөг

Хар төмөрлөгийн үйлдвэрийг Дархан, Сэлэнгэд байгуулахаар төлөвлөжээ. Ингэснээр ган бүтээгдэхүүний хэрэглээгээ 2024 он гэхэд жилд одоогийнхоос хоёр дахин их буюу нэг сая тонн болгох зорилготой. Үүний 80 хувийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болно. Ингэснээр бүтээн байгуулалтын түүхий эдээ дотоодоосоо хангана гэсэн үг юм.


Газрын тос

Монгол Улс газрын тосны хайгуулын 30 талбайд 332,6 сая тонн баталгаат нөөцтэй ч нефть бүтээгдэхүүнийхээ 94,8 гаруй хувийг импортоор авдаг. УУХҮЯ-наас газрын тосны хайгуул, олборлолтоо нэмэгдүүлж, газрын тосны үйлдвэрээ ашиглалтад оруулснаар дотоодын хэрэглээнийхээ 55 хувийг хангах боломжтой гэв. 1990 оноос хойш уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар олборлолтын үе шатыг давж ирлээ. Ирэх 30 жилд энэ салбарыг боловсруулах түвшинд хүргэхийг салбарын яам зорьжээ.

 

                     Улсын төсөвт 1,1 их наяд төгрөг төвлөрүүлжээ

Энэ оны есдүгээр сарын 30-ны байдлаар Ашигт малтмал, газрын тосны газар өнгөрсөн дөрвөн жилд улсын төсөвт 1,1 их наяд төгрөг төвлөрүүлжээ. Үүний 848,9 тэрбум төгрөг буюу нийт орлогын 76,2 хувь нь газрын тосны экспортын орлого, 173,4 тэрбум төгрөг буюу 15,6 хувь нь ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлого  юм.

Сүүлийн 10 жилийн турш тогтмол өсөж байсан газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг өнгөрсөн оноос хойш литр тутамд 380-570 төгрөгөөр бууруулсан. Түүнчлэн, “Эрчис ойл” ТӨХХК болон газрын тосны бүтээгдэхүүн импортлогч 15 аж ахуйн нэгжийн хооронд байгуулсан “Аи-92 төрлийн автобензиний жижиглэнгийн үнийг тогтворжуулах” гэрээнд хяналт тавьснаар үнийг 1400-1450 төгрөгт тогтвортой байгааг танилцуулгын үеэр дуулгав.

АМГТГ-ын кадастрын бүртгэлд энэ оны 10 дугаар сарын 19-ний байдлаар хүчин төгөлдөр 2645 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байгаагийн 952 нь хайгуулын, 1693 нь ашиглалтынх юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ, “Цахим монгол хөтөлбөрийн хүрээнд ашигт малтмалын газрын зөвшөөрөл олгох, бүртгэх, хяналт тавихыг цахимжуулж, ил тод болгох”-д анхаарахыг үүрэг болголоо.  

 

                                               Үндэсний геологийн албыг бүх талаар дэмжихээ илэрхийлэв

“Татан буулгасан Үндэсний геологийн албыг 26 жилийн дараа дахин байгуулсан. Экспортын бүтээгдэхүүний 90 гаруй хувийг эзэлдэг уул уурхайн салбарт энэ алба маш чухал үүрэгтэй тул үйл ажиллагааг нь бүх талаар дэмжинэ” гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр тус албаны ажилтай танилцах үеэр тэмдэглэв.

Үндэсний геологийн алба нь Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд газрын хэвлийн геологийн тогтоц, бүтцийг судалж, ашигт малтмалын нөөцийг нэмэгдүүлснээр уул уурхайн салбарын тогтвортой үйлдвэрлэлийг түүхий эдээр хангах, хот суурин, бүс нутгийн хэмжээнд геоэкологи, гидрогеологийн судалгаа хийх, газар хөдлөл, газрын гулсалттай холбоотой нутаг дэвсгэрт тайлан, дүн шинжилгээ хийхээс гадна улсын хэмжээний эрдэс баялагийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, нууцын зэрэглэлээс бусад мэдээллээр иргэдэд үйлчлэх зорилготой.

АМГТГ-ын Геологи хайгуулын хэлтэс, Геологийн төв лабораторийг нэгтгэж нэг удирдлагатай болгосноор нэг талбайд ашигт малтмалын ижил төстэй геологийн судалгаа хийж, үргүй зардал давхар гаргадгийг зогсооно. Салбарын туршлагатай мэргэжилтнүүдийг тогтвортой ажлын байраар хангаснаар ажлын чанар сайжирч, томоохон ордуудыг улсын төсвийн хөрөнгөөр шинээр нээх, дагалдах хот сууринг байгуулах боломжтой. Геологийн салбар нь ашигт малтмалын нөөц тогтоохоос гадна олон төрлийн судалгаа хийдэг. Судалгааны дүнг бүх салбарт ашигладаг онцлогтой юм.


Үндэсний Геологийн албаны дарга О.Чулуун ярихдаа, “Үндэсний геологийн алба байгуулснаар судалгааны ажлыг эмх цэгцтэй хийх суурь тавигдаж, архиваа баяжуулан, нийтэд үйлчлэх боломжтой боллоо. Мэдээллийн төвийн үйл ажиллагааг цахимжуулахад анхаарч байгаа. Үндэсний эрх ашигт нийцсэн онцлогтой геологийн албыг бий болгохоор зорьж байна. Суурь судалгааны мэдээлэлгүйгээр хот байгуулж, төмөр зам зэргийг бүтээн босгох нь учир дутагдалтай тул цаг алдахгүй иж бүрнээр хийнэ. Нийт нутаг дэвсгэрт экологийн судалгаа хийнэ. Манай орны газар нутаг дээрх хөрсний гулсалт хөдөлгөөн, шилжилт, хагарлууд, суулт, орчин үеийн хагарал тектоникийн асуудлыг судлах шаардлага байгаа. Цөөн хүн амтай, том газар нутагтай тул байгалийн баялгийн судалгааг хийх хэрэгтэй. Геологийн албаны судалгаа нь тодорхой нэг орд дээр хайгуул хийхгүй, эрдэс баялгийн ерөнхий судалгаа хийх юм” гэдгийг тайлбарлав. 

Холбоотой мэдээ