Ахмадын хорооны дарга нар хүчирхийллийн эсрэг сургалтад хамрагдав

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2020-10-20 16:54:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жендэрт суурилсан хүчирхийлэл (ЖСХ) болон ахмад настны эсрэг хүчирхийллийн талаарх эрх зүйн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх сургалт өнөөдөр боллоо.


Энэ үеэр Монгол Улсад хэрэгжүүлж буй ГБХ-тэй тэмцэх үйл ажиллагаа, ГБХ-ийн хохирогчийн эрх болон эрхийг эдлүүлэх процесс, ГБХ-ийн хохирогчдод үзүүлэх ТББ-ын үйлчилгээ, ГБХ-ийн хэрэгт нөлөөллийн үйл ажиллагаа явуулахад ИНБ-уудын оролцоо болон нөлөөллийн үйл ажиллагааны хэлбэрийн талаар ерөнхий ойлголт өглөө.

Сургалтад Монголын ахмадын холбооны салбар 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн нийгмийн ажилтан, Ахмадын хорооны дарга нар болон зохион байгуулагчид оролцсон юм.


Уг сургалтыг Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагаас (ОУХЭЗБ) хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” (2019-2022) төслийн хүрээнд Монголын Ахмадын Холбоотой хамтран зохион байгууллаа.


Ахмад настны эсрэг үйлдэгдсэн гэр бүлийн хүчирхийлэл нь хүний эрхийн ноцтой зөрчил юм. Өндөр настнууд гэр бүлийн хүчирхийлэл болон гэр бүл дэх өөрсдийн үүрэг оролцооны талаар ойлголт багатай, хүчирхийлэл үйлдэгчээс санхүүгийн хувьд хамааралтай байдгаас гэр бүлийн хүчирхийллийг бүрэн мэдээлдэггүй байна.


Мөн ахмад настны хохирогчдын тусгай хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээ хангалтгүй, гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт үйлчилгээ үзүүлэгчид өндөр настнуудад хүрч ажиллах боломжгүй байдаг зэрэг нь хүчирхийллийн талаар мэдээлэхгүй байх нөхцөл болдог байна. Монгол Улсад гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын ихэнх нь эмэгтэйчүүд байгаа ч мөн өндөр настай эрэгтэйчүүд хамаатан саднаас нь үйлдсэн хүчирхийллийн талаар мэдээлэх, дэмжлэг авахаар ИНБ-уудад хандах байдал нэмэгдэж байгаа аж.




Холбоотой мэдээ