ХБНГУ-ын Элчин сайдын яамны Хөгжлийн хамтын ажиллагааны дарга Ё.Шнайдерийг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-10-21 17:11:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл ХБНГУ-ын Элчин сайдын яамны Хөгжлийн хамтын ажиллагааны дарга Ё.Шнайдерийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр орны байгаль орчны хамтын ажиллагаа ой, биологийн олон янз байдал, тусгай хамгаалалт, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцов.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, Хоёр орон байгаль орчин, тэр дундаа ой, биологийн олон янз байдал, тусгай хамгаалалт, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр олон жил хамтран ажилласан. Мөн Уур амьсгалын ногоон сан, Даян дэлхийн байгаль орчны сан, Дасан зохицох сан зэрэг олон талт хамтын ажиллагаагаар дамжуулан төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны албан хаагчдыг чадавхжуулах, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих, хүүхэд залууст чиглэсэн ажлыг түлхүү хэрэгжүүлэхэд хамтран ажиллана гэдэгт итгэж байгаа”-гаа илэрхийлэв.

ХБНГУ-ын ЭСЯ-ны Хөгжлийн хамтын ажиллагааны дарга Ё.Шнайдер, “Байгаль орчны чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж, үр дүнтэй ажиллахаас гадна хүүхэд багачуулд чиглэсэн нөлөөллийн ажлыг түлхүү хийх цаг болсон. Хүүхдэд бага балчраас нь байгаль дэлхийн гайхамшиг, түүнийг хайрлан хамгаалахын ач холбогдол, үр дагаврыг ойлгуулах нь нэгэнт эвдэрч, сүйдсэн байгалиа сэргээхээс ч илүү үр дүнтэй. Бид энэ чиглэлд олон ажлыг хийж, тодорхой үр дүнд хүрч чадна гэж найдаж байна” гэлээ.

Холбоотой мэдээ