Улсын Нэгдүгээр төв эмнэлэг VIP тасагтай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-10-21 17:38:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Улсын эмнэлгүүд нийт орныхоо 10 хүртэлх хувийг төлбөртэй тусламж, үйлчилгээнд ашиглаж болох хуулийн зохицуулалттай. Энэ хүрээнд Улсын Нэгдүгээр төв эмнэлэг Дотрын нэгдсэн хэсэгтээ VIP тасаг байгууллаа.

Тус тасагтай Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон албаныхан танилцсан юм. Энэ үеэр УНТЭ-ийн ерөнхий захирал Н.Лхажий, “Дотрын хэсгийн тасаг бүр дотроо 1-3 өрөөнд төлбөртэй тусламж үзүүлдэг байсныг болиулаад нэг тасгийг зориулалтаар нь нээж байна. Энэ нь нийгмийн захиалга, эрэлт хэрэгцээ гэдгийг тэдгээр өрөөнд хэвтэн эмчлүүлэх иргэдийн дарааллаас харж болно. Мөн үйлчлүүлэгчид орчин нөхцөлөө сайжруулахыг их шаарддаг. 95 жилийн түүхтэй манай эмнэлэгт профессорын, сувилахуйн, дэмжих үйлчилгээний баг ажилладаг. Хэрвээ үйлчлүүлэгч хүсвэл төлбөрөө төлөөд чадварлаг багийн үйлчилгээг ая тухтай орчинд авах боломж бүрдэж байна. Бид үйлчлүүлэгчээсээ өрөөний төлбөр л авахаас эмчилгээний төлбөр авахгүй, ЭМД-аар нь үйлчлэх юм. УНТЭ хагас бие даасан байдалд шилжсэнтэй холбогдуулан төлбөртэй үйлчилгээг нийт орлогын 6-10 хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн зохицуулалттай" хэмээн танилцууллаа.


Холбоотой мэдээ