У.Сарангоо: Монгол ноолууран бүтээгдэхүүн дэлхийн шаардлагыг хангаж эхэлсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-10-22 12:20:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн ноолуурын зах зээл байгаль орчин, хэрэглэгч нарт ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй, тогтвортой хөгжлийн шаардлага хангасан түүхий эдээр бэлтгэсэн бүтээгдэхүүнийг шаардах болсон. 

Энэ бүхнийг Монголд хэрэгжүүлэхээр манай улсад "Тогтвортой ноолуурын үйлдвэрлэлийн цогц систем" бий болгох "Текстилийн салбарын тогтвортой үйлдвэрлэл ба Эко тэмдэг төсөл"-ийг "AVSF Монгол" байгууллагаас Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж байна. Төслийн хэрэгжилтийг хэлэлцсэн зөвлөгөөн "Блью Скай" зочид буудалд өнөөдөр боллоо. 

Тус төсөл болон зөвлөгөөний талаар "Текстилийн салбарын тогтвортой үйлдвэрлэл ба Эко тэмдэг төсөл"-ийн менежер У.Сарангоогоос тодрууллаа. 


-Төслийн хүрээнд эхний ээлжинд юу хийж байна вэ?

-Манай төсөл 2018 онд эхэлсэн. 2022 оны 2 дугаар сард дуусна. Энэ хугацаанд эхний ээлжинд Монголын текстилийн салбарын тогтвортой үйлдвэрлэлийн дүрэм бүхий байгаль орчны удирдлагын сайн дурын стандартыг боловсруулаад байна. Энэ нь үндэсний үйлдвэрлэгчид байгальд ээлтэй байх дүрэм юм. 

Бид энэ дүрмийг үйлдвэрлэгч нар үйлдвэрлэлдээ нэвтрүүлэхийн тулд эхлээд суурь судалгаа хийсэн. Зөвлөх үйлчилгээ үзүүлж байна. Эцэст нь шаардлага хангасан бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргахад гадаадын брэндүүдтэй холбож өгөхөд туслах юм. 


Мөн Монголын Тогтвортой санхүүжилтийн холбоотой хамтран ноолуурын салбарт ногоон санхүүжилтийг нэвтрүүлснээр төсөл дуусна. Дээр нь бид ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологи дизайны сургууль болон Францын нэхмэлийн дээд сургуулийн багш нартай хамтран байгаль ээлтэй текстилийн үйлдвэрлэлийн талаар хичээлийн агуулгад оруулж ноолуурын салбарын ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлтгэж эхэлж байна. Энэ бүхний эцэст нь манай улс байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэсэн ноолууран бүтээгдэхүүнээр дэлхийд өрсөлдөх боломжтой болно. 


-Байгаль орчинд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэлийн дүрмийг  ноолуурынхан үйлдвэрлэлдээ нэвтрүүлснээр ямар давуу талууд гарах вэ? Энд ямар шаардлага тавигдаж байгаа вэ?

-Юуны өмнө цахилгаан эрчим хүч болон үйлдвэрлэлд хэрэглэж буй усаа хэмнэнэ. Энд үйлдвэрүүд хаягдал усны технологи ашиглаж байгаа. Ингэснээр бүтээгдэхүүний өртөг буурна. Гадаад зах зээлд нийгэм болон үйлдвэрлэлд ийм  хүртээмжтэй үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг илүү үзэж худалдан авах болсон. Энэ хандлагыг биелүүлж байна гэсэн үг. Манай улсын ноолуурын "Хаан ширхэгт" брэнд ер нь энэ тал руугаа, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болсон. 


Манай улс байгальд ээлтэй үйлдвэрлэсэн ноолууран бүтээгдэхүүнээр дэлхийд өрсөлдөх боломжтой.



Шаардлагын тухайд бид тогтвортой үйлдвэрлэлийн дүрмийг боловсруулж гаргахдаа судалгаа хийсэн гэж би түрүү хэлсэн. Бид эхлээд манай төслийн хамтран ажиллагч Германы Тогтвортой үйлдвэрлэл ба хэрэглээний хамтын ажиллагааны төв олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 5-6 дүрэм, лакшери брэндүүдийн өөрсдийн боловсруулсан олон улсын тансаг хэрэглээний мөн 5-6 дүрмийг судалж эндээс Монголын ноос, ноолуурын салбарт одоогийн түвшинд, эхний ээлжинд хэрэглэхэд тохиромжтой гэсэн шалгуур үзүүлэлтийг гаргасан юм. Энд

  • үйлдвэрлэлийн хаягдал усыг дахин боловсруулж ашиглах, 
  • эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээ,
  • нийгмийн хариуцлага хүлээх, 
  • хог хаягдлын менежмент болон
  • химийн бодисын зохистой, аюулгүй хэрэглээний менежментийг нэвтрүүлсэн байх гэсэн шаардлагууд орж байгаа. 

Энэ бүх шаардлагыг аль ч үйлдвэрлэл түүхий эдээ болон хэрэглэж буй ус, цахилгаанаа хэмжиж бүртгэж байж хэмнэх тул эндээс эхэлнэ гэв. 


"Текстилийн салбарын тогтвортой үйлдвэрлэл ба Эко тэмдэг төсөл" өнөөдөр манай улсын ноос, ноолуур боловсруулах, самнах болон бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй "Кашимер холдинг", "Эвсэг", "Монгол нэхмэл", "Ханбогд кашимер" зэрэг 20 гаруй том, жижиг үйлдвэртэй хамтарч ажиллаж байна. 

Байгальд хал багатай үйлдвэрлэлийг нэвтрүүлэхийн тулд эхлээд тухайн үйлдвэрийн одоогийн нөхцөл байдал нь ямар түвшинд байгааг судалж гаргаж ирдэг аж. Үүнийгээ үйлдвэрлэгч нарт танилцуулж, яагаад заавал байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулах учиртай юм гэдгийг ойлгуулж, дараагаар нь техникийн шинжээчид буюу экспертүүдийг ажиллуулж мөн тухайн үйлдвэрийн инженерүүдийг байгальд ээлтэй үйлдвэрлэлийн арга туршлагад сургадаг байна. Техникийн зөвлөх үйлчилгээ үзүүлснээр эцэст нь бүтээгдэхүүний чанарыг сайжруулах үйлдвэрлэл рүүгээ шилжиж байна. Ингэснээр монгол ноолууран бүтээгдэхүүн дэлхийн брэндүүдийн тансаг хэрэглээг хангаж эхэлж байна гэв. 


Зөвлөгөөнд ХХААХҮ-ийн дэд сайд Г.Батсуурь, Европын холбооны төлөөлөгчийн газрын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Пьер-Ив Люка, Франц улсын ЭСЯ-ны ХАА-н атташе Кристоф Ланселот, "AVSF Монгол" байгууллагын суурин төлөөлөгч Гиюм Туати, Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Н.Ганхуяг нарын албаны хүмүүс оролцлоо. Мөн Говь-Алтай, Баянхонгор, Архангай аймгийн хоршоодын төлөөлөгч, малчид оролцож, хөдөө орон нутагт ноос, ноолууран бүтээгдэхүүний түүхий эдийг байгаль орчинд ээлтэй байдлаар бэлтгэж буй ажлаасаа танилцууллаа. 

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр


Холбоотой мэдээ