Хотын даргаар Д.Сумьяабазарыг томилбол УИХ-ын нөхөн сонгууль болох уу?

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-10-22 14:36:42
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн МАН-ын хорооны тавдугаар хуралдаан Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр эхэллээ.


Хуралдаанаар нийслэлийн МАН-ын хорооны Удирдах зөвлөлөөс гаргасан Нийслэлийн Засаг дарга болон НИТХ-ын даргад нэр дэвшигчээр тодруулах саналыг хэлэлцэх юм. Дээрх саналд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар, НИТХ-ын даргаар Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэх санал гаргасан талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан танилцуулав. Тэрээр Д.Сумьяабазарыг УИХ-ын гишүүнээсээ татгалзаж Удирдах зөвлөлийнхөө шийдвэрийг хүлээн авч байгаад талархал илэрхийллээ.


УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар нь Нийслэлийн МАН-ын хорооны даргаар ажилладаг. Намын дарга нь Засаг дарга эсхүл Ерөнхий сайд болох намынхаа дүрмийн зарчмыг баримталж дээрх шийдвэрийг гаргасан байна. 


Ташрамд дурдахад, УИХ-ын тухай хуульд зааснаар, УИХ-ын гишүүн нь хуульд зааснаас бусад төрлийн албан тушаалыг хавсран гүйцэтгэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болбол УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах болно. Ингэснээр түүний сонгогдсон Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргоос УИХ-д төлөөлөх нэг мандатад нөхөн сонгууль явуулах шаардлагатай болох юм. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт одоогоор МАН-аас нэр дэвшигч Д.Сумьяабазар, П.Анужин, Н.Учрал нар УИХ-ын гишүүнээр сонгогдож иргэдийг төлөөлж байна.


Хотын удирдлагуудыг нэр дэвшүүлэх асуудлыг нийслэлийн МАН-ын хорооны тавдугаар хурлаар эцэслэн шийдвэрлэнэ.



Холбоотой мэдээ