Цаг уурын станцын анхны мэдээг авч цэвдэг судлалын салбарт хүргүүлжээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-10-22 15:41:23

Завхан/МОНЦАМЭ/. Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газарт суурилуулсан цаг уурын станцын анхны мэдээг 10 сарын 06-ны өдөр хамгаалалтын захиргааны албан хаагчид авч ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарт хүргүүллээ гэж ОТУТХГХЗ-аас мэдээлэв.

Хамгаалалтын захиргаа, Газарзүй, Геоэкологийн хүрээлэнтэй байгуулсан гэрээний дагуу жил бүрийн оны төгсгөлд хамгаалалтын захиргаанд судалгааны тайлан мэдээг ирүүлж байх юм. Тус станц нь салхины чиглэл, салхины хурд, хур тунадас, температур, харьцангуй чийгшил, агаарын даралт, нарны цацраг зэрэг хэмжигдэхүүнийг 15 минут тутамд хэмжих бөгөөд улирал бүр мэдээг авч ажиллана. Мөн уг станцаар дамжуулан өндөр уулын бүсийн ургамлын судалгааны ажлыг хийж гүйцэтгэх юм. Энэ станцыг өндөр уулын уур амьсгал, цэвдэг, мөстлөгийн өөрчлөлт, хүйтний үзэгдлийн судалгааны ажлуудыг хийхээр харилцан тохиролцсоны дагуу Отгонтэнгэрийн дархан цаазат газарт далайн түвшнээс дээш 3300 метрт суурилуулсан гэв. 

Холбоотой мэдээ