“Бага наснаасаа бага багаар хуримтлуулъя” уралдаанд сурагчид идэвхтэй оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-10-22 22:52:00

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг тохиолдуулан Говь-Алтай аймаг дахь Монголбанкны салбараас “Бага наснаасаа бага багаар хуримтлуулъя” уралдаанд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид идэвхтэй оролцож байна. 

Сурагчдад бага наснаасаа бага багаар, тогтмол хуримтлуулах дадал хэвшлийг бий болгох мөн иргэдийн гар дээрх хуучирч муудсан, урагдаж тасран хэрэгцээгүй болсон жижиг /1, 5, 10, 20, 50, 100 төгрөгийн / мөнгөн дэвсгэрийг татан төвлөрүүлэх, хэрэглээнд оруулах зорилгоор уг аяныг өрнүүлж байгаа ажээ. Одоогоор уралдаанд Есөнбулаг сумын ЕБС-ийн 1-5 дугаар ангийн сурагчид идэвхтэй оролцож байгаа бөгөөд зохион байгуулагчийн зүгээс хуримтлал түүний ач холбогдол, үндэсний хуримтлалын бэлгэ тэмдэг, жижиг мөнгөн дэвсгэртийн талаар тодорхой мэдээлэл өгч байгаа тухай танилцууллаа. 

Уралдааныг 10 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжлүүлж, сургууль тус бүрээс уралдаанд оролцсон нэг ангийг шалгаруулан тус бүр 50 мянган төгрөг дурсгалын зүйлээр шагнаж урамшуулах юм.


Холбоотой мэдээ