Малын хөлийн татвар уу, бэлчээрийн төлбөр үү?

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2020-10-23 16:22:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын сан (НДС)-гийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслийг  бусад хуулийн төслүүдийн хамт УИХ-ын чуулга (2020-10-22)-ны нэгдсэн  хуралдаанаар хэлэлцээд гишүүдийн олонх дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод  шилжүүлсэн юм. Тус сангийн орлого 2021 онд 1.897.9 тэрбум төгрөг байхаар төлөвлөжээ. Түүнийг энэ жил (2020 он)-тэй харьцуулахад 486.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн гэж уг төслийн танилцуулгад дурджээ.


Цар тахлын улмаас аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдэд оны эхнээс 10 дугаар сарын 31-нийг дуустал нийгмийн даатгалын шимтгэл (НДШ)  -ээс бүрэн чөлөөлсөн. Харин 2021 оны 1 дүгээр сарын 1-нээс НДШ дахин 22 хувь болох байв. Гэтэл  цар тахлын сөрөг үр дагавар 2021 оны эхний хагаст үргэлжилж эдийн засагт үзүүлэх нөлөө нь буурахгүй гэж Засгийн газар үзжээ. Ийм учраас   2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 17 хувиар буюу   ажилгүйдлийн даатгал, тэтгэмжийн даатгал болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг нийт дүнгээр нь  3-5 нэгжээр бууруулахаар тооцсонтой холбогдуулан НДШ-ээс чөлөөлөх,  ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай  хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Энэ бол 2021 оны НДС-гийн тухай хуульд орж байгаа гол өөрчлөлт болжээ.


Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор нэмэлт төсвийн зарцуулалтын эрхийг Эрүүл мэндийн даатгалын санд (ЭМДС) олгох юм. Мөн сумын эрүүл мэндийн төвийг 2021 оноос эхлэн ЭМДС-гаас санхүүжүүлэх болсон зэргээс шалтгаалан эрх зүйн зохицуулалтыг дээрх хуулийн төслүүдэд тусгасан байна. 


Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд нийтийн биеийн тамир, спортын хөгжлийн асуудал хамаарах болсон. Эрүүл мэнд, нийтийн биеийн тамир спорт, соёлын салбарт хэрэгжүүлж байгаа санхүүжилтийн тогтолцооны шинэчлэл болон орон нутгийн төсвийн эрх мэдлийг  нэмэгдүүлж байгаатай холбогдуулан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан талаар Сангийн сайд Ч. Хүрэлбаатар УИХ-д хийсэн танилцуулгадаа онцолжээ.


Үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах зорилгоор концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудлыг төрийн худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад шилжүүлэх нь зөв гэж Засгийн газар үзжээ. Энэ үзэл баримтлалтай холбогдуулан  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээнд байсан “концесс, төр, хувийн хэвшлийн түншлэл”-ийн асуудлыг  Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудалд  хамруулахаар Засгийн газрын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулсан байна. Концессын үр дүнд  төрийн болон  орон нутгийн өмчийн хөрөнгөөр төрийн эсхүл орон нутгийн өмчлөлд ирээдүйд тодорхой эд хөрөнгө бий болох, бараа үйлчилгээ худалдан авах  ажиллагаанд хамааруулах шинэ зохицуулалт хийхээр болжээ.


Монгол Улсын мал сүргийн тоо сүүлийн 30 жилд 45.1 сая толгойгоор нэмэгдэж 70.9 саяд хүрсэн. Энэ нь хүн амын хүнсний хэрэглээ, малчдын амьжиргаа, эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлсэн билээ. Гэхдээ өсөн нэмэгдэж байгаа малын тоо толгой нь бэлчээрийн хүрэлцээ, усны хомстол зэрэг олон асуудлыг үүсгэх болжээ. Иймд орон нутгийн төсвийг нэмэх, бэлчээр ашиглалт, цөлжилт, худаг усны хангамж зэрэг тулгамдсан асуудлаа орон нутагт бие даан шийдвэрлэх боломж олгож, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ)-д малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан бие даан тогтоох эрхийг 2021 оноос олгохоор төлөвлөж байгаатай холбогдуулан Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөл батлагдсанаар малын тоо толгойн татварын орлогыг тухайн сум, дүүргийн Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, иргэд, олон нийтийн саналыг үндэслэн  тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд зарцуулах боломж бүрдэх аж. Энэхүү хуулийн төсөлтэй уялдуулан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ.  


Засгийн газраас малын тоо толгойн албан татварын хуулийн төсөлд сумын ИТХ-аас татварын хувь хэмжээг тогтоож, бүрдүүлсэн төсвөө зарцуулах асуудлыг шийдвэрлэх зарчмыг баримталсан юм байна. Бэлчээр ашиглалт, цөлжилт, худаг усны хангамж, малын үүлдэр угсааг сайжруулах, малын эрүүл мэндийн асуудал зэргээр зарцуулалтыг нь тодорхой заалгүй, сум орон нутгийн онцлогийг харгалзаж, төвлөрлийг сааруулж, иргэд өөрсдөө асуудлаа шийдвэрлэх эрхийг нээж өгөхөд чиглэжээ. Албан татварыг тэнцүү хоёр хуваан тухайн жилийн 7 дугаар сарын 15, 12 дугаар сарын 15-ны дотор өмчилсөн малаа хаана бүртгүүлсэн тэрхүү сум, дүүргийн төсөвтөө татвараа төлөх юм байна.   Хуулийн төслийн хэлэлцүүлэг “малын хөлийн татвар байх уу”, “бэлчээрийн төлбөр байх уу” гэсэн  нэр томьёон дээр төвлөрч байсан юм. УИХ хуулийг эцэслэн батална.

Холбоотой мэдээ