НИТХ-ын даргаар Ж.Батбаясгаланг сонгож, тэргүүлэгчдийг батлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ээлжит сонгуулийн дүнд байгуулагдсан НИТХ-ын анхдугаар хуралдаан "Хангарди" ордноо өнөөдөр эхлэв.
Хуралдааны өмнө НИТХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, бүлгийн даргаар НИТХ-ын дарга асан Р.Дагвыг сонгож хуралдаанд оруулав. Хуралдааны эхэнд НИТХ-ын ээлжит сонгуулийн дүнг танилцуулж, төлөөлөгчдийг баталгаажууллаа. Улмаар НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлж, төлөөлөгчид асуулт, тодруулга авсны дараа 84.44 хувийн саналаар шинэ НИТХ-ын даргаар сонгов. Мөн НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагва намын Удирдах зөвлөлийн шийдвэрийг бүлгээр хэлэлцэж, хотын даргад Д.Сумъяабазарыг томилуулах саналыг танилцууллаа. Яг одоо Д.Сумъяабазар НИТХ-ын төлөөлөгчдийн асуултад хариулж байна.
Анхдугаар хуралдаанаар сонгуулийн хуулийн дагуу суудлын тоогоор МАН, АН НИТХ дахь бүлгүүдээ байгуулав. НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар Р.Дагва ажиллах бол АН-ын бүлгийн даргаар Д.Пүрэвдавааг сонгосон юм. Мөн хуралдаанаар хуулийн дагуу НИТХ-ын тэргүүлэгч 11 хүнийг сонгон батлав. Үүнд
Ж.Батбаясгалан
Р.Дагва
Ж.Алдаржавхлан
Б.Пүрэвдагва
С.Даваасүрэн
М.Халиунбат
Б.Мөнхбат
Н.Баярчимэг
Д.Энхтуяа
Д.Бадарсан
Д.Гантулга нарыг сонголоо.
НИТХ-ын анхдугаар хуралдаан 73 хувийн саналаар Д.Сумъяабазарыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилох саналыг Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлэхээр тогтож хуралдааныг хаав.
Гэрэл зургуудыг Т.Чимгээ. Б.Чадраабал