Зүрх судасны өвчний эмчилгээний асуудлаар цахимаар туршлага солилцов

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-10-23 16:15:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайванийн Үндэсний Их Сургуулийн харьяа эмнэлэг (NTU Hospital) болон Монгол Улсын Хоёрдугаар төв эмнэлэг хамтран “Интервенциональ зүрхний эмчилгээ” сэдвийн хүрээнд видео семинар зохион байгуулав.

Семинарт NTU Hospital Тайваний зүрхний эмчилгээний эрх бүхий хоёр эмч, профессор Гао Шиан Ли болон Лин Мао Шин нарыг урьж оролцуулсан бол Монголын талаас П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлгийн гурван эмч нийтдээ 10 гаруй эмч мэргэжилтэн зүрхний эмчилгээний талаарх судалгаа, практик туршлагаа харилцан солилцов.

Өмнө нь Улаанбаатар дахь Тайваний Төлөөлөгчийн газрын тусламжтай Монгол, Тайванийн голлох эмнэлгүүд цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай сэдвийн хүрээнд дөрвөн удаа цахим хэлэлцүүлэг зохион байгуулж байсан юм.

Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Гадаад хамтын ажиллагаа, судалгааны хэлтсийн дарга Т.Цэндсүрэн, “Манай эмнэлгийг төлөөлөн оролцож буй гурван эмчийн хоёр нь өмнө нь NTU Hospital-д сургалтад хамрагдаж байсан бөгөөд Монголд ирээд интервенциональ зүрхний эмчилгээг бодитоор нэвтрүүлж эхэлж байна” гэв.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө, “Зүрх судасны өвчлөл Монгол Улсын иргэдийн нас баралтын гол шалтгаан болж байгаа ба NTU Hospital голлох эмнэлгүүдтэй энэ чиглэлээр хамтран ажилласаар ирсэн. Энэ жил цар тахлын улмаас ажилтан албан хаагч хоорондын солилцоо тасалдсанаас гадна ханиад томуу, төрөл бүрийн хавдар болон зүрх судасны өвчин эрүүл мэндэд заналхийлсэн хэвээр байна. Иймд хоёр орон үргэлжлүүлэн хамтдаа ээрүүл мэндэд заналхийлсэн эдгээр өвчинтэй тэмцье хэмээв.

NTU Hospital “HOPE солилцооны хөтөлбөр”-ийн хүрээнд 2009 оноос эхлэн албан ёсоор Монгол Улсын голлох эмнэлгүүдтэй харилцаж, хамтарч ажиллаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 100 гаруй эмч, сувилагчийг сургажээ. Сүүлийн жилүүдэд ойролцоогоор 60 гаруй Тайвань эмч мэргэжилтэн Монголд ирж зүрх судасны өвчний эмнэл зүйн талаар тусламж үйлчилгээ хүргэсэн байна. 


Холбоотой мэдээ