Жо Байден сонгуулийн сүүлчийн сурталчилгаагаа Жоржиа муж улсад хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-10-26 12:19:09

НЬЮ-ЙОРК. /NBC/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден сонгуулийн кампанит ажлынхаа сүүлчийн уулзалтыг 10 дугаар сарын 27-ны мягмар гарагт Жоржиа муж улсад хийж, гол асуудлуудаарх байр сууриа дэмжигчдэдээ танилцуулна гэж түүний сонгуулийн штабын төлөөлөгч Кейт Бедингфилд мэдээлжээ.


“Дэд Ерөнхийлөгч асан Байден мягмар гарагт Жоржиад хүрэлцэн очно. Манай улсын хувьд түүхэн ач холбогдолтой Уорм Спринг хотод тэрбээр сонгуулийн сүүлчийн сурталчилгааны хүрээнд чухал үг хэлнэ” гэж Бедингфилд цохон тэмдэглэсэн байна.


Уорм Спрингс хотод АНУ-ыг 1933-1945 онд удирдаж байсан тус улсын 32 дахь Ерөнхийлөгч Франклин Делано Рузвельт амьдралынхаа ихэнх мөчийг өнгөрүүлсэн бөгөөд 1945 оны дөрөвдүгээр сарын 13-нд таалал төгсжээ. 


АНУ-ын зүүн өмнөд хэсэгт орших Жоржиа муж улс нь удахгүй болох сонгуулийн хувьд хамгийн чухал муж улсуудын нэг юм. 2016 оны сонгуулиар энэ муж улсын сонгогчдын дийлэнх нь АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч, Бүгд найрамдах намын гишүүн Дональд Трампад саналаа өгчээ. Жоржиа муж улсад хамгийн сүүлд 1992 онд Ардчидсан намын нэр дэвшигч ялж байсан нь тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Билл Клинтон юм.


АНУ-ын бүх нийтийн сонгууль 11 дүгээр сарын 3-нд болно. Энэ удаагийн сонгуулиар тус улсын Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч, Конгрессын Төлөөлөгчдийн танхимын бүх 435 гишүүнийг, Сенатын танхимын 35 гишүүнийг, мөн 13 муж улс, орон нутгийн захирагч нарыг сонгоно.


Холбоотой мэдээ