Нарны гэрэл тусдаг Сарны талд ус байгаа болохыг тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2020-10-27 13:08:19

ВАШИНГТОН. /NASA/. АНУ-ын сансар судлалын NASA агентлагийн эрдэмтэд нарны гэрэл тусдаг Сарны талд ус байгаа болохыг баттай тогтоосноо мэдэгджээ.


Энэхүү нээлт нь ус зөвхөн Сарны харанхуй хэсэгт бус бүх гадаргуу дээр байж болохыг харуулж байгаа аж.


Америкийн одон орон судлаачид агаар мандлын дээд давхаргад нислэг үйлдэхэд тусгайлан зориулж бүтээсэн “Boeing 747” нисэх онгоцонд суурилуулсан “SOFIA” /Stratospheric Observatory for Infrared Astronomy/ ажиглалтын дурангийн тусламжтайгаар дэлхийгээс харагддаг хамгийн том хэсгүүдийн нэг болох Клавиус тогоонд усны молекул байгаа болохыг тогтоосон байна.



“Нарны гэрэл тусдаг Сарны талд усны молекул байж магадгүй шинж тэмдгийг бид өмнө нь илрүүлж байсан. Харин одоо бид үүнд бүрэн итгэлтэй боллоо. Энэхүү нээлт нь сарны гадаргуугийн талаарх бидний ойлголтыг сорьж, сансрын гүнийг судлахад шаардагдлагатай нөөцийн талаар сонирхолтой асуултуудыг гаргаж ирж байна” гэж NASA-гийн одон орны физикийн газрын захирал Пол Герц онцлон хэлжээ.


Сахарын цөлд байгаа усны хэмжээ нь “SOFIA” ажиглалтын дурангаар илрүүлсэн Саран дээрх уснаас 100 дахин их болохыг NASA онцолсон байна. Хэдийгээр бага хэмжээний ус илрүүлсэн ч энэхүү нээлт нь "сарны хатуу ширүүн, хүчилтөрөгчгүй гадаргуу дээр ус хэрхэн үүсэж, яаж хадгалагдаж үлдсэнийг судлахад эрдэмтдэд тус дөхөм болох аж".

 


Холбоотой мэдээ