Иргэдийг мэдээллийн боловсролтой болгосноор хуурамч мэдээллээс ангижрана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-10-28 13:34:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэвлэл мэдээлэл болон мэдээллийн суурь боловсрол олгох ажлыг манай улсад хийж байна. Энэ талаар НҮБ-ын байранд өнөөдөр болсон "Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын оролцогч талуудын Үндэсний II чуулганаар дахин хэлэлцэж тодотголоо. 

Энэ талаар чуулганыг зохион байгуулагч ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянгаас тодруулбал, "ЮНЕСКО нь Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын сургалтын хөтөлбөр, бодлогыг Монгол Улсад нутагшуулан хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байна. 


Энд юуны түрүү бодлого боловсруулагч, хэвлэл мэдээллийнхэн болон өөрийн зохицуулалтын мэргэжилтнүүдийг Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын бодлого, шилдэг туршлагын талаар гүнзгий мэддлэгтэй болгох чухал байгаа"-г тэрээр онцлов. 

Энэ ажлыг Швед улсын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг Sverge байгууллагын дэмжлэгтэй хийж байна гэв. Тэрээр, өнөөдөр Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөр тохиож буйг тодотгож байв. 

Манай улсад өнөөдөр Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын Үндэсний сүлжээг байгуулан Монголын Хэвлэлийн хүрээлэн дээр төвлөрч, заах арга зүйг Багшийн мэргэжил дээшлүүлэх институт хариуцан, багш нарт зориулсан суралтын хөтөлбөрийг боловсруулаад байна. 


Ингэхдээ Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг албан болон албан бус боловсролын салбарын багш нарт зориулан нутагшуулж буй аж. Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг өнөөдөр манай улсад ЕБС-иудын сургалтын хөтөлбөрт (мэдээлэл зүйн хичээл гэдгээр) оруулаад байгаа. Гэхдээ үүнийг компьютер, интернэттэй харилцахтай ойлгон, үүнээс илүү гарахгүй байгаад өнөөдрийн чуулганд оролцогч зарим мэргэжилтэн, ТББ-ын төлөөлөгч нар шүүмжлэлтэй хандаж байв. 

Учир нь мэдээллийн боловсрол олгох үйл ажиллагаа нь хүн амыг мэдээллээр хангахаас эхэлж, түүнийг хүртээх, хамгийн наад зах нь мэдээллийн худал, үнэнийг ялгаж заагладаг, мэдээлэл олж авах, хайх, түүнийг нягтлан дүгнэх, улмаар амьдрал ахуйгаас эхлээд ажил төрөлдөө ашиглахыг хэлдэг, энэ утгаар мэдээллийн боловсролыг ойлгож, нэвтрүүлэн мэдээллийн боловсролыг Монголд хөгжүүлэх нь чухал байгааг хэлэлцлээ. Иргэдийг мэдээллийн боловсролтой болгосноор хуурамч мэдээллээс ангижрана гэдэгт санал нэг байгаагаа илэрхийлж байв. 


Мэдээллийн суурь боловсролыг ЕБС-иас эхлэн олгож байна



Тухайлбал, чуулганд оролцсон ХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хариуцсан мэргэжилтэн Б.Болор хэлэхдээ, "Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын суурь агуулгад хүний эрхийн талаар (иргэдийг мэдээлэл олж авахад нас, хүйс, эрүүл мэндийн байдал зэрэг олон зүйлээр ялгаварлан гадуурхахгүй байх, мэдэээл олж авах эрхзүй, нөхцөлөөр хангах талаар) тусгаж оруулах шаардлага байгааг санал болгож байв. Энэ талаар Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Золзаяа хөгжлийн бэрхшээлтэй иргэд аливаа мэдээллийг хүртээмжтэй олж авах талаар хэвлэмэл материалыг тэдэнд зориулсан байдлаар бар кодтой болгох, аудио текстийг хөгжүүлэх зэргээр олон улсын стандартыг Монголд нэвтрүүлж буй талаар танилцуулсан юм. 


Түрүү дурдсанчилан Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг өнөөдөр манай улсад ЕБС-иудын сургалтын хөтөлбөрт оруулж эхлээд байгаа. Харин их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт оруулах үйл ажиллагаа учир дутагдалтай байгааг "Бүх нийтийн боловсролын төлөө" иргэний нийгмийн Үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг хэлж байв. Учир нь их, дээд сургуулиудын хичээлийн хөтөлбөрийг сургууль тус бүр өөрсдөө гаргаж буй учир Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт нэгдсэн байдлаар тусган оруулахад хүндрэлтэй байгааг тэмдэглэн хэлж байв. 


Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг Монголд нэвтрүүлж нутагшуулах ажлыг төрийн болон төрийн бус байгууллагууд тавь тавих хувиар хариуцан ажиллаж буйг өнөөдрийн чуулганаар мэдээллээ. 

Мэдээ, мэдээллийн суурь боловсрол олгох үйл ажиллагаа манай улсад дөнгөж эхэлж буй бол өндөр хөгжилтэй ул сорнуудад энэ ажил боловсролын суурь зарчим болон хөгжиж байна. 



Гэрэл зургийг Н.Батбаяр 


Холбоотой мэдээ