Дарьгангын чулуун хөргүүд хаад язгууртны хэв шинжийг илтгэдэг

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2020-10-28 15:43:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зураач, уран барималч, гэрэл зурагчин Д.Амараа “Хаадын хөрөг” гэрэл зургийн үзэсгэлэнгээ Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд өнөөдөр нээлээ.


Тэрээр сүүлийн хоёр жилийн турш Монгол Улсын өргөн уудам талаар төдийгүй ӨМӨЗО-ны Шилийн голын тал нутгаар судалгааны ажлаа явуулж хүн чулуудтай “хөөрөлдөн”, нутгийн зон олонтой уулзан учирч, эрт эдүгээгийн түүх намтрыг нь эрэн сурвалжилж хээр талд мартагдаж хоцорсон хүн чулуудыг судалгааны эргэлтэд оруулж буй уран бүтээлч юм. Энэ хугацаанд олон арван хүн чулууг шинээр нээн илрүүлж, баримтжуулан авсан байна. Энэхүү чулуун өв соёл, тэр дундаа хөрөг чулуудын талаарх уран бүтээлчийн эрэл хайгуул, судалгааныхаа нэгээхэн хэсэг болгож энэхүү үзэсгэлэнгээ тэрбээр толилуулж буй юм.


Үзэсгэлэнгийн нээлтэд СГЗ, орчуулагч Г.Аким хэлэхдээ, “Эдгээр хөрөг шиг хаад л барын арьсан дээр тарвалзана, хаад л тохойгоо арслангийн толгой дээр тавина даа. Тэгэхээр энэхүү үзэсгэлэн “Хаадын хөрөг” хэмээх нэрэндээ тохирчээ. Энэ хүүд нүдний ч ур байна, гарын ч ур байна, ухааны ч ур байна. Энэ бүхнийг олж, ингэж нарийвчлан харуулж зургийг авна гэдэг бол нүдний ур шингэсэн гэсэн үг юм. Түүнийгээ зураасан зургаар зурахаар гарын уртай болж байна. Энэ бүхнээрээ үзэсгэлэн гаргана гэдэг бол ухааны ур юм” хэмээн тодотгосон юм.


Монголын өргөн уудам нутагт өнө эртнээс эзэн нь мэт оршсоор ирсэн хүн чулууд олноороо бий. Манай оронд 800 гаруй хүн чулуу байдаг гэсэн судалгаа бий. Ихэнх нь Түрэгийн үед хамаарах бөгөөд Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар хүн чулуун дурсгал, чулуун өв соёл элбэгтэй. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Алтан овооны энгэрт он жилийг үдсэн ноён, хатан, хүү, бэр хүн чулууд болон Хөргийн хөндийн хүн чулуун дурсгалуудаараа алдартай юм.


Дундад зууны үед хамаарах эдгээр хүн чулуун хаад ноёд, ихэс дээдсийн шинж төрхтэй, дахин давтагдашгүй уран тансаг хийц, өөр хоорондоо ялгаатай өвөрмөц дүр төрхтэй байдгаараа онцлог. Тухайлбал, Дарьгангын Ламтын дөш хэмээх уулын ойролцоох хоёр чулуун хөрөг нь исэрт тухалж, өргөн шилтэй, урт залаатай малгай, ташуу энгэрт дээл, ямба идээний цом баруун мутартаа барьсан зэрэг нь хаад ихсийн шинжтэй байдаг. Эдгээр хүн чулуу Тайванийн Үндэсний хааны ордон музейд байдаг Монголын эзэнт гүрний хаадын эш хөрөгтэй адил төстэй харагддаг байна.

 

Уран бүтээлч Д.Амараа хэлэхдээ, XIII-XIV зууны үеийн монголчуудын бүтээсэн чулуун хөргийн дийлэнх нь Сүхбаатар аймгийн Дарьгангад төвлөрч байдаг. Манай Дарьгангын хөргүүд ихэвчлэн хаад язгууртны хэв шинжийг илтгэсэн онцлогтой. Таван толгойн хөрөг гэхэд л бар, арслангийн арьсан дээр хөлөө тавьж суусан байгаа нь яах аргагүй язгууртан хүний шинжийг харуулдаг. Хүн чулуу бол зам дээр намайг үзээч ээ гээд байдаг зүйл биш.  Хүн чулууг үзэж харахын тулд хол явна, эрж хайна. Шилийн гол аймгийн Чулуун хөх хошуу буюу Хубилай хааны байгуулсан Шандын дээд нийслэл гээд өргөн газар нутгийг хамарсан ийм хүн чулуунууд элбэг байдаг.Тэгэхээр энэхүү судалгаагаа цаашид үргэлжлүүлнэ” хэмээв.


Тэрбээр 1998 онд “Дөрвөн цагийн морьд” уран бүтээлийн үзэсгэлэн,  2018 онд “Дөрвөн зүгийн аяс” усан будгийн үзэсгэлэн, 2015 онд “Дарьганга нутгийн өнгө” гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргаж байв.


Энэхүү үзэсгэлэн 11 дүгээр сарын сарын 8-ныг хүртэл үргэлжлэх юм.

 


Холбоотой мэдээ