Орон нутаг судлах музей боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-10-29 08:52:15

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Орон нутаг судлах музей олон нийтэд чиглэсэн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж байна.


Соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, уламжлалт соёлд суралцуулах, олон нийтэд чиглэсэн сургалт, сурталчилгаа, танин мэдэхүйн ажлыг өргөжүүлэх зорилгоор дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Тэд хүүхэд багачуудын сэтгэхүйн онцлогт тохируулан байгаль, газар зүй, өв уламжлал, түүх, дурсгалууд сэдвээр тусгайлан бэлдсэн хөтөлбөр төлөвлөгөөг баталдаг ажээ. 

“Манай музейн үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг нь боловсролын хөтөлбөр байдаг. Ан амьтан, Үл хөдлөх дурсгалаа хамгаалцгаая, Монгол тоглоом наадгай хөтөлбөрүүд тогтмол хэрэгжиж байгаа ба энэ сараас суль сульхир боловсруулах хөтөлбөр нэмэгдээд байна” хэмээн Говь-Алтай аймгийн Орон нутаг судлах музейн тайлбарлагч С.Мягмардулам танилцуулав.

Музейн бодит үзмэр ашиглан хүүхдийн ялган таниулах, хайрлан хамгаалах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх байдлаар тусгай хөтөлбөрөөр явуулж буйгаараа онцлогтой. Одоогоор энэхүү ээлжит боловсролын хөтөлбөрийг Есөнбулаг сумын тавдугаар цэцэрлэгт явуулж байгаа аж.

Түүнчлэн тус музейн түүх угсаатан зүйн танхимыг түшиглэн орон нутгийнхаа брэнд бүтээгдэхүүн болох суль, сульхирыг хэрхэн боловсруулах, түүгээр цай хийцлэх сургалтыг оролцогчдын нас бие сэтгэхүйн онцлогт тохируулан хийжээ.


Холбоотой мэдээ