Түнхэл тосгоны ЭМТ-д автомашин олгов

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-10-29 08:57:04

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн салбарынхан халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэг, оношилгоог Монгол Улсын хэмжээнд брэнд ажил болгож чадсан. Энэхүү үзлэг оношилгоог аймгийнхаа 17 сум, 6 тосгонд жилдээ хоёроос гурван удаагийн давтамжтайгаар зохион байгуулж хэвшээд байна. Энэ ажил нь эрүүл мэндийн иж бүрэн үйлчилгээг орон нутагт нь хүргэдгээрээ онцлогтой юм.

Өнгөрсөн 8 дугаар сард Сэлэнгэ аймгийн Засаг даргын ивээл дор Мандал сумын Түнхэл тосгонд зохион байгуулсан энэхүү үзлэгийн үеэр Түнхэл тосгоны Эрүүл мэндийн төвд автомашин шийдвэрлэж өгнө хэмээн аймгийн Засаг дарга амалсан аж. Тэрээр энэхүү амлалтаа хэрэгжүүлж, энэ сарын 27-ны өдөр Түнхэл тосгоны эрүүл мэндийн төвд фургон маркийн авто машиныг гардуулан өгчээ. Энэхүү автомашин нь хүн ардынхаа эмнэлгийн тусламж үйлчилгээг чанаржуулж, хүртээмжийг нь нэмэгдүүлэхэд ихээхэн тус дэм болох аж.

Мандал сум нь Монгол Улсын хамгийн их хүн амтай сум. Тэр дундаа зөвхөн Түнхэл тосгонд гэхэд 3000 гаруй оршин суугчтай. Улаанбаатар хотоос 120 км, аймгийн төвөөс 240 км, Мандал сумаас 40 км зайд оршдог.

Аймгийн даргын зүгээс эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чадавхыг сайжруулахад чиглэсэн олон ажил хийж байгаагийн нэг илрэл нь энэхүү шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэж буй явдал юм. 

Холбоотой мэдээ