"Шувуун саарал" наадам 24 дэх жилдээ болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-11-09 20:29:21

Ховд /МОНЦАМЭ/. Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 114 жилийн ойд зориулсан "Шувуун саарал" богино өгүүллэг уран уншлагын наадам Ховд аймагт 24 дэх жилдээ болж байна.

Тус наадмыг Ховд аймгийн Нийтийн номын сангаас жил бүр уламжлал болгон зохион байгуулж иржээ. 

Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч их зохиолч Д.Нацагдоржийн уран бүтээлийг уншигчдад сурталчлах, залуу үеийнхэнд эх хэлний зөв хэрэглээг хэвшүүлэх, тэднийг номтой нөхөрлүүлэх зорилго бүхий тус уралдаан өдгөө хоёр үе шаттай үргэлжилж байна.  

Эхний шатны шалгаруулалтад Ховд аймгийн 14 сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч, оюутан залуус, иргэд хөдөлмөрчдөөс бүрдсэн 100 орчим авьяастан оролцов. Тэд 4-6, 7-9, 10-12 дугаар анги болон оюутан, насанд хүрэгчид гэсэн дөрвөн насны ангиллаар өрсөлдөж, энэ сарын 07-ны өдөр шилдгүүдээ тодруулжээ.

Ингээд нэгдүгээр үе шатанд ангилал тус бүрт шалгарсан оролцогчдын бичлэгийг өнөөдрөөс эхлэн “Ховд аймгийн Нийтийн номын сан” албан ёсны цахим хуудаст байршуулахаар боллоо. Ингэснээр тус наадмын хоёрдугаар үе шатанд цахим хэлбэрээр санал хураалт явуулах ба 11 дүгээр сарын 21-ний өдөр эцсийн дүнг гаргаж, “Гранпри” шагналтанг тодруулахаар төлөвлөж байна. 

"Шувуун саарал-2020" богино өгүүллэг уран уншлагын наадмын эхний шатанд 10-12 анги ангилалд: тэргүүн байрт Манхан сумын 12а ангийн сурагч М.Гэрэлцолмон "Жамуухийн өчил", дэд байрт Үенч сумын 11б ангийн сурагч Д.Намуунаа "Уламжлалт эхо", гутгаар байрт Дарви сумын 10а ангийн сурагч М.Насантогтох "Ганц улаан гамбир" өгүүллэгээр тус тус шалгарсан.

Харин тусгай байрт Буянт сумын 10а ангийн сурагч Ш.Амаржаргал "Үдийн зарлиг оршвой", Жаргалант сумын Долоодугаар сургуулийн 11в ангийн сурагч Ч.Хонгорзул "Нусан жур" өгүүллэгээр шалгарлаа.

Тэгвэл 7-9 анги ангилалд: тэргүүн байрт Буянт сумын 9а ангийн сурагч Ц.Номин-эрдэнэ "Мэнгэ", дэд байрт Дарви сумын 9б ангийн сурагч Ж.Буян-эрдэнэ "Би эр хүн", гутгаар байрт Буянт сумын 7а ангийн сурагч А.Мөнхцэцэг "Хэрүүлч дамжаа" өгүүллэгээр шалгарсан. Мөн тусгай байрт Проресс 7б ангийн сурагч Н.Номин, Үенч сумын 9б ангийн сурагч Б.Хүслэн, Нэгдүгээр сургуулийн 9г ангийн сурагч О.Маралжингоо "Багын явдал" өгүүллэгээр тус тус шалгарлаа.

Наадмын 4-6 анги ангилалд: тэргүүн байрт Долоодугаар сургуулийн 4а ангийн сурагч Ч.Нандин-эрдэнэ "Хайраа надад өгөөч", дэд байрт Гуравдугаар сургуулийн 6б ангийн сурагч Б.Лхагважав "Суурин газрын зочин", гутгаар байрт Буянт сумын 6а ангийн сурагч Ж.Хулан "Нэгдүгээр ангийн сурагч" өгүүллэгээр шалгарав. Мөн тусгай байрт нэгдүгээр сургуулийн 4в ангийн сурагч Ж.Айару "Ид шид ямар үнэтэй вэ?", Проресс сургуулийн 5б ангийн сурагч М.Номиндарь "Цаггүй газар", Цаст-Алтай цогцолбор сургуулийн 6б ангийн сурагч Б.Баярбилэг "Хайр дурлалаа надад өгөөч" өгүүллэгээр тус тус шалгарсан байна.

"Шувуун саарал 2020" богино өгүүллэгийн наадмын оюутан, насанд хүрэгч ангилалд: тэргүүн байрт Зургаадугаар сургуулийн МХУЗ-ын багш М.Сарантуяа "Хуучин хүү", дэд байрт Ховд их сургуулийн оюутан Н.Сар-Угтах "Бид ялав", гутгаар байр Үенч сумын иргэн П.Отгонзаяа "Хэрээний нулимас" өгүүллэгээр тус тус шалгарчээ.

Эдгээр шалгарсан оролцогчид наадмын хоёрдугаар үе шатанд цахим хэлбэрээр өрсөлдөнө.  

Холбоотой мэдээ